“Бид Сүхбаатарчууд” наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Бид Сүхбаатарчууд” наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохиогдсон нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Бид Сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүд 2011 оны энэ сарын 18-ны өдөр тодорлоо. Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, хөлбөмбөг гэсэн спортын таван төрөл, ардын болон орчин үеийн дуу, бүжиг зэрэг урлагийн зургаан төрлөөр явагдсан наадамд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтсүүд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод нийт 60 багийн 2800 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорьжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бид Сүхбаатарчууд” урлаг спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ “Нийслэлийн зүрхэнд оршдог Сүхбаатар дүүрэг бүхий л салбарт манлайлагч, тэргүүн нь байж ирсэн. Гурван мянга шахам баг тамирчид оролцсон энэхүү наадам  олимпийн наадам мэт өргөн хүрээтэй, амжилттай зохиогдсонд баяртай байна” гэлээ. Мөн тэрбээр уг наадмыг цаашид улам өргөжүүлэн, уламжлал болгон зохиож байх саналтай байгаагаа дүүргийн удирдлагууд болон нийт баг тамирчдад хандаж хэллээ.

Түүнчлэн энэхүү наадмыг зохион байгуулсан нь байгууллага хамт олны уялдаа холбоог сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урлаг спортоор хичээллэж, биеийн болоод оюун санааны эрч хүч авах боломж нөхцөлийг олгож байгаа нь хамгийн том үр дүн юм гэлээ. Наадмын шилдгээр 400 гаруй тамирчид тодорсноос төрийн албан хаагчдын  спорт, урлагийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс тэргүүн байр эзэлж цом, хүндэт өргөмжлөл, хоёр сая төгрөг, хоёрдугаар байрт Нийгмийн даатгалын хэлтэс орж 1,5 сая, гуравдугаар байрыг Татварын хэлтэс эзэлж нэг сая төгрөгөөр тус тус шагнуулжээ.  Мөн багш ажилчдын дунд зохиогдсон урлаг спортын тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт 58-р сургууль, хоёрдугаар байрт 1-р сургууль, гуравдугаар байранд 11-р сургууль шалгарч, дээрх шагналыг хүртсэн юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж