Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бид Сүхбаатарчууд” урлаг спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ “Нийслэлийн зүрхэнд оршдог Сүхбаатар дүүрэг бүхий л салбарт манлайлагч, тэргүүн нь байж ирсэн. Гурван мянга шахам баг тамирчид оролцсон энэхүү наадам олимпийн наадам мэт өргөн хүрээтэй, амжилттай зохиогдсонд баяртай байна” гэлээ. Мөн тэрбээр уг наадмыг цаашид улам өргөжүүлэн, уламжлал болгон зохиож байх саналтай байгаагаа дүүргийн удирдлагууд болон нийт баг тамирчдад хандаж хэллээ.
Түүнчлэн энэхүү наадмыг зохион байгуулсан нь байгууллага хамт олны уялдаа холбоог сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урлаг спортоор хичээллэж, биеийн болоод оюун санааны эрч хүч авах боломж нөхцөлийг олгож байгаа нь хамгийн том үр дүн юм гэлээ. Наадмын шилдгээр 400 гаруй тамирчид тодорсноос төрийн албан хаагчдын спорт, урлагийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс тэргүүн байр эзэлж цом, хүндэт өргөмжлөл, хоёр сая төгрөг, хоёрдугаар байрт Нийгмийн даатгалын хэлтэс орж 1,5 сая, гуравдугаар байрыг Татварын хэлтэс эзэлж нэг сая төгрөгөөр тус тус шагнуулжээ. Мөн багш ажилчдын дунд зохиогдсон урлаг спортын тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт 58-р сургууль, хоёрдугаар байрт 1-р сургууль, гуравдугаар байранд 11-р сургууль шалгарч, дээрх шагналыг хүртсэн юм.