Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Блэйз Годе-г өчигдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Б.Годе нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа ирж ажиллаж байгаа, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд идэвхи гарган ажиллаж байгаа хүн юм.
Швейцарийн Хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол улсад буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр олныг хэрэгжүүлж ирсэн Швейцарийн Холбооны Улс нь 2006 онд Швейцарийн Парламент “Монгол Улстай 2007-2012 онд хамтран ажиллах стратеги”-ийг баталж жил бүр ойролцоогоор есөн сая гаруй швейцарь франкийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уулзалтаар сайд Г.Занданшатар Швейцарийн эдийн засгийн бодит сонирхлыг Монголд бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол дахь Швейцарийн нийт хөрөнгө оруулалт 37,6 сая ам.доллар буюу  Монгол дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын нэг орчим хувьтай тэнцэж, хөрөнгө оруулагчдын жагсаалтын 14 дүгээрт байна. Өнгөрсөн онд гуравдугаар улирлын байдлаар 22 сая орчим ам.долларын хөрөнгө орсон нь Швейцарийн нийт хөрөнгө оруулалтын 58,5 хувийг эзэлж байгаа юм.
Сайд Г.Занданшатар Элчин сайд Блэйз Годетэй Монгол Улсын Засгийн газрын Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн импортыг дэмжих хөтөлбөрт Монгол улсыг хамруулах боломж байгаа эсэх, Монголын экспортлогчид тус хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй байгаа талаар мөн санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсад энэ жил тохиолдсон байгалийн гамшигт өртсөн малчдад зориулж Швейцарийн Холбооны Улсаас 650 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж