Олон овоотын лицензийн асуудлыг судална

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Олон овоотын лицензийн асуудлыг судална

УИХ
дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр хоёр асуудлыг авч
хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ.

Эхнийх нь, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай
хуулийн төсөл юм. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаас дээрх
хуулийн төсөлтэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсэгт үүрэг өгсөн
байсан. Ажлын хэсгийн хувьд төсвийн зардлыг бууруулахтай холбоотой зарим
зардлыг танах боломжгүй гэжээ. Тухайлбал, их, дээд сургуульд суралцаж
байгаа оюутнуудад 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж сар тутамд 70
мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон. Тэтгэлгийг нэгэнтээ өгөхөөр
УИХ-аас хууль баталсан тул 60 гаруй тэрбум төгрөгийг хэвээр үлдээх. Ирэх
жил УИХ болоод орон нутгийн сонгууль болно. Түүнд шаардагдах дөрвөн
тэрбум төгрөгийг мөн хэвээр үлдээх. Сонгууль болохтой холбоотойгоор
иргэн бүрт ухаалаг үнэмлэх олгоно. Ухаалаг үнэмлэхийг иргэдэд үнэгүй
олгохтой холбоотойгоор 16 тэрбум төгрөгийг төсвөөс гаргах шаардлагатай.
Үүнийг мөн царцаах боломжгүй, “А” гепатитын эсрэг хөтөлбөр хэрэгжиж буй
учраас вакцинжуулалтад шаардлагатай хөрөнгө мөн туссан байх ёстой гэж
үзжээ. Дээр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдтэй холбоотой урсгал
зардалд гар хүрэхгүй байх урьдын шийдвэрээ хадгалж үлдсэн байна.

Тэгвэл
орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр газрын тос, нүүрс, төмрийн
хүдрийн экспортын татварыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн санал гарч, ажлын
хэсэг судлах үүрэг авсан байна. Хоёр дахь боломжит хувилбарт газрын
хөрсийг эвдэж байгаа 42 тонноос дээш хүчин чадалтай ачааны
автомашинуудаас татвар авах хэрэгтэй гэсэн санаачилга гарчээ. Олон улсад
заасан конвенциор 42 тонноос дээш хүчин чадалтай ачааны том
автомашинаас өндөр татвар авдаг. Монгол Улсад энэ талын зохицуулалт
байдаггүй. Жижиг ачааны автомашинуудын нэгэн адил жилдээ татварт 100
гаруй мянган төгрөг төлдөг. Гэтэл нийслэлийн зам төдийгүй аймгуудын
замыг хүнд даацын авто машинууд эвдэж сүйтгэж байгаа тул одоо татвартаа
өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ. Мөн орлого нэмэгдүүлж болох эх үүсвэрт
Олон овоотын лицензийг борлуулах тухай хэлэлцсэн байна. Ийм саналыг
бүлгээс нэр бүхий гишүүд гаргасан тул ажлын хэсэг судлахаар болжээ.
Хэрвээ Олон овоотын лицензийг худалдаж чадах юм бол улсын төсөвт 65
тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоо бүрдэх гэнэ.

Түүнчлэн бүлгээс
төсөвтэй холбогдуулан гаргасан шийдвэр бол автомашин, тоног төхөөрөмж,
тавилга худалдан авахтай холбоотой зардлыг 2011 оны төвшнөөс
нэмэгдүүлэхгүй байх. Төрийн байгууллагын орон тоог 1595-аар бууруулах.
Энэ нь 2012 оны төсөвт суулгаснаар нэмэгдүүлж оруулж ирснийг дээр заасан
хэмжээгээр бууруулах тухай юм байна.

Түүнчлэн бүлгийн гишүүд
суларсан эх үүсвэрийг юунд зарцуулахаа ч ярилцжээ. Энэ асуудал 2008 оны
УИХ-ын сонгуультай холбогдож. МАН нь 2008 оны сонгуулиар Алдарт эхийн
нэг, хоёрдугаар зэргийн одонтой ээжүүдэд өгөх мөнгөн тэтгэмжийг нэг сая,
500 мянган төгрөгт хүргэнэ гэж амласан тул энэ хэмжээнд өгч чаддаггүй
юм гэхэд ядаж 400 мянга, 200 мянган төгрөг олгох талд шийдвэр гаргах
ёстой гэж үзжээ. Тиймээс энэ асуудлыг тус бүлгээс байгуулагдсан ажлын
хэсэг судална. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан
ажлын хэсэгтэй зөвшилцсөний үндсэн дээр саналуудаас алийг нь тусгаж
оруулах боломжтой вэ гэдгийг эцэслэх аж.

Нэгдсэн төсвийг УИХ жил
бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөрт багтаан баталсан байх ёстой.
Цаг хугацаа нэлээд ойртсон тул шахуу ажиллах шаардлага байна гэж үзжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж