Чуулганыг лхагва гаригт хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Чуулганыг лхагва гаригт хуралдуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт зарлагддаг ч энэ долоо хоногт лхагва гаригт хуралдуулахаар болж тов зарлажээ. Энэ нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбоотой төслүүдийн хэлэлцүүлгийг хийх болсонтой холбоотой аж. Учир нь УИХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс урьтаж ирэх оны нэгдсэн төсвийг баталсан байх ёстой. Хэрэв төсвийг дээр заасан хугацаанд баталж чадаагүй нөхцөлд УИХ тарах ёстой. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ирэх лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлахаар болжээ. Одоогоор хоёр намын бүлэг 2012 оны нэгдсэн төсөвт урсгал зардлыг хэдээр ямар замаар бууруулах, орлогын эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа. Маргааш хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудлаар ярилцаж, зарчмын шийдлүүдээ гаргана.

Монголбанкны зүгээс 2012 оны нэгдсэн төсвийг нэг их наяд төгрөгөөр бууруулах бодит шаардлага байна гэдэг хүсэлт тавьж буй. Ийм хэмжээгээр төсвийн зардлыг бууруулаагүй цагт инфляцийг нэг оронтой тоонд барих боломжгүй хэмээн мэдэгдэж байгаа билээ. Харин ирэх жил сонгууль болохтой холбоотойгоор 2012 оны нэгдсэн төсөвт бэлнээр их хэмжээний мөнгө иргэдэд олгохоор суулгасан нь нэлээд хүндрэл учруулж мэдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдсэн төсвийг 2012 оны мөнгөний бодлоготой “уях” томоохон даалгавартай УИХ тулаад байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж