
Дархан-Уул аймгийн кикбоксын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Дархан хотын спортын ордонд болж, хот, хөдөөгийн найман байгууллагын 80 гаруй тамирчин 15 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Нээлттэй хэлбэрээр болсон тэмцээний байгууллагын дүнг Ж.Ариунбаяр дасгалжуулагчтай Дархан хотын “Найдвар” клуб тэргүүлж, Б.Батжаргал дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги, С.Амаржаргал дасгалжуулагчтай Дархан хотын 19-дүгээр сургуулийн баг удаалав. Тэмцээн олон улсын шаардлагад нийцсэн хэрэглэл материалаар бүрэн хангагдаж, зохион байгуулалтын өндөр төвшинд болсон бөгөөд энэ үеэр Дархан хотын кикбокс, тулааны спортын холбоо шинэ бүтэц зохион байгуулалтад орлоо. Холбооны ерөнхийлөгчөөр Дархан хотын “Сатурн” комплексийн захирал Д.Баярсайхан, дэд ерөнхийлөгчөөр “Шарын гол энерго” ХХК-ийн захирал Б.Батболд, ерөнхий нарийн бичгийн даргаар ж.Ариунбаярыг сонгож, 2012 оны МБАТ-ын спортын ХIII наадмын кикбоксын спортын тэмцээнийг Дархан хотноо зохион явуулахаар болов.
“Өдрийн шуудан” сонин