
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас иргэдийн эрх ашгийг хамгаалах тухайгаа мэдэгдлээ. Учир нь тэд Захиргааны хэргийн шүүх нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь хууль зөрчиж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн тохиолдолд иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж байна хэмээн үзэж байгаа аж. Мөн БЗД-ийн Ардчилсан намын Хуулийн хэлтсийн зүгээс захиргааны хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа хийжээ. Судалгаанд, нийслэл болон 11 аймгийн 1500 иргэн, хууль хяналтын байгууллагын 200 албан хаагчийг хамруулсан байна. “Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байсан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс газрын маргаан өргөдөл, гомдол, хөдөлмөрийн маргаан, бизнесийн үйл ажиллагаа зэрэг асуудлаар иргэдийн эрх ашгийг олноор зөрчиж байсан” гэж Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа хэлэв.
Дашрамд дурдахад, БЗД-ийн Ардчилсан намын Хуулийн хэлтэс нь иргэдэд хууль зүйн мэдээлэл олгох, захиргааны хэргийн шүүхийн талаар нэгдсэн ойлголт өгөх, үнэгүй зөвлөгөө өгөх өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд иргэдийг хүлээн авч байгаа гэнэ.
Г. Хулан