Жороор олгодог эмийг сурталчлах шаардлагагүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Жороор олгодог эмийг сурталчлах шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр 13 гишүүний ирцтэйгээр эхэлсэн бөгөөд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг” хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар олон улсын эмийн стандартанд бүртгэгдсэн эмийг ямарваа нэгэн нэмэлт шаардлага тогтоохгүйгээр оруулж ирж байх саналыг оруулж ирсэн бөгөөд энэ нь эмийн бүртгэлийн тогтолцооны хүнд суртал, явдал чирэгдэлээс сэргийлэх арга байв.
Олон улсын стандартад нийцсэн эмийг түргэвчилсэн журмаар оруулж ирэх шаардлага байгааг хуралдаанд оролцсон гишүүд хүлээн зөвшөөрсөн бөгөөд, харин бүртгэл хяналтыг сайжруулахгүй бол хуурамч эм орж ирэх аюул байгааг анхааруулж байв.   

ОХУ, Хятадын эмийн зах зээлд хуурамч эмийн үйлдвэрлэл 30 хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь Монгол улсад орж ирэх магадлал өндөрч байгаа, түүнчлэн өнөөдрийн байдлаар нийт хордлого авсан хүний 75 хувь нь зөвхөн эмэнд хордсон байгаа нь анхаарах ёстой зүйл гэдгийг Ажлын хэсгийнхэн сануулсан юм.

Мөн иргэн хүн импортоор эм оруулж ирэхийг хориглох, тусгай зөвшөөрөлтэйгээр л эм бэлдмэлийг оруулахаар шинэчлэн найруулгын төсөлд орууллаа.
 
Эмийн сурталчилгааны талаар Ардчилсан намын бүлгээс эмийг сурталчлахыг хориглох санал хуралдаанд оруулсан бөгөөд хэлэлцүүлгийн эцсийн дүнд зөвхөн жороор олгодог эмийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглохоор төсөлд тусгалаа.

Мөн уг хуралдаанаар эмийг сүлжээгээр зарахыг хориглох, уламжлалт эмтэй холбоотой асуудлыг эмийн тухай хуулиар зохицуулах, улсын нөөцийн агуулах барих, гааль, мэргэжлийн хяналт, эмнэлгийн байгууллагын эмийн жагсаалтыг нэгтгэх шаардлагатай байгаа тухай яригдлаа.  

Төсөлд тусгагдсан бас нэгэн шинэ зүйл бол “Эмийн зохицуулалтын газар” гэх байгууллагыг бий болгох юм. Энэхүү байгууллага бий болсноор эмийг бүртгүүлэхтэй холбогдсон бүргэлийн хүнд суртал үгүй болно гэж үзжээ.  

Б.Энхмандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж