Нээлттэй сонсгол хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Нээлттэй сонсгол хийж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Б” танхимд “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал” сэдэвт нээлттэй сонсголыг зохион байгуулж байна. Нээлттэй сонсголд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ” сэдвээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле “Уур амьсгалын өөрчлөлт газрын доройтлын үр дагаврыг бууруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Дэд сайд Ж.Саулегийн илтгэлд дурдсанаар уур амсгалын өөрчлөлтөөс болж цаг агаар дулаарчээ. 1949 оныхтой харьцуулахад цаг агаар 1.2 хэмээр дулаарсны зэрэгцээ салхи, шуургатай өдрүүдийн тоо 3-4-өөр нэмэгджээ. Мөн шиврээ зүсэр борооны оронд хүчтэй аадар бороо орж үер буулгах, ган нүүрлэх үзэгдэл элбэгшсэн байна. Цас ханзрах сар нэг сараар урагшилсан, мөн хавар шар усны үер буудаг, өвөл нь зуд болдог гээд байгаль цаг уур ихээхэн хувьсан өөрчлөгдсөн энэхүү үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор болж буй хүчин зүйл болохыг онцоллоо. Уур амьсгалын энэхүү өөрчлөлтөөс болж мал аж ахуйн салбар хүнд сорилтуудтай тулгарах болсон. Тэр дундаа бэлчээрийн даац хэтэрсэн байгаа нь цаашид мал аж ахуйн салбарт улам хүндрэл авчрах төлөвтэй болгожээ.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна. Тус сонсголд холбогдох яамдын сайд, дэд сайд нараас гадна газрын дарга нар мөн Усны хэрэг эрхлэх газар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Тэрбишдагва нарын гишүүд оролцож буй юм. Харин нээлттэй сонсголыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь удирдаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж