График таблет болон түүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Wacom компани зураач, уран бүтээлчдэд маш чухал хэрэглүүр байж болох нэгэн шинэ бүтээгдэхүүнийг бүтээжээ. Inkling хэмээх энэхүү шинэ бүтээгдэхүүн дижитал тосон бал, хүлээн авагчаас бүрдэх ба энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хувьд хүлээн авагчийг өөрийн зураг зурах гэж байгаа дурын цаасандаа хавчин байрлуулаад балаараа хүссэн зургаа зурах л үлдэж байна. Ямар ч цаасны дурын хэсэгт мэдрэмтгий тосон балаар зурсан ноорог зургийн тань хэсэг нэг бүр хүлээн авагчид санагдан үлдэх бөгөөд хүлээн авагчаа компьютертэй холбосноор цаасан дээр зурсан зураг тань компьютерын дэлгэцнээ яг хэвээрээ гарч ирэх гэнэ. Компьютер дээр ноорог зурагтаа бяцхан засвар хийгээд л гүйцэх юм байна. Хүлээн авагчид хэдэн зуун зураг ч хадгалагдах боломжтой ба таны зурсан нооргууд Inkling Sketch Manager-аас компьютер руу шууд шилжих юм байна. Adobe, Photoshop, Illustrator (CS3+), Autodesk Sketchbook Pro (2011+) эсвэл Autodesk Sketchbook Designer зэрэг зургийн программуудын тусламжтайгаар тодорхой хэмжээний засвар хийсний эцэст бүтээлээ JPG, BMP, TIFF, PNG, SVG, PDF зэрэг өргөтгөлүүд дээр хадгалж болох аж. Inkling бүтээгдэхүүн нь Inkling дижитал үзэг, үзэгний нөөцүүд, цэнэглэгч гэр, хүлээн авагч, хүлээн авагчийн цэнэглэгч батерей, USB утас, Inkling хүлээн авагч дээр байрлах Inkling Sketch Manager Application, гарын авлага зэргээс бүрдэх ба Windows 7, Vista, XP (SP3, 32 эсвэл 64 bit хувилбарууд), Mac OS 10.4.0 болон түүний дараагийн хувилбарууд дээр ажилладаг ажээ.
Э.Мөнх
Эх сурвалж: www.mminfo.mn