
-Цахим үнэмлэхний загварыг УИХ-аар батлууллаа. Энэхүү үнэмлэхэд ямар мэдээллийг багтаасан байх вэ?
-Цахим үнэмлэхний загварыг багагүй хугацаанд боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Одоо бид хэвлэх, иргэдэд олгох ажлыг сонгуулиас өмнө дуусгахаар төлөвлөж байна. Цахим үнэмлэхний ил харагдах хэсэгт одоогийн хэрэглэж буй иргэний үнэмлэхтэй адил мэдээллүүд багтсан байна. Ялгаатай нь тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар зэргийг давхар латин үсгээр бичсэн байх юм. Энэ нь гадаад улс оронд зорчиход хүндрэл, чирэгдэл үүсэхгүй байх давуу талтай. Үүнээс гадна цахим үнэмлэхний нэг давуу тал нь мэдээллийг багтаах чиптэй. Чипт үнэмлэх дээр харагдах мэдээллүүдээс гадна тусгай тэмдэглэлд нэмэлт мэдээлэл багтана. Жишээ нь, тухайн иргэний сонгууль өгсөн эсэх мэдээлэл орох юм.
-Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл багтах уу. Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?
-Чипт багтах мэдээлэл одоогоор 25 хувийг л эзэлж байгаа. Иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, хүйс, үнэмлэх олгосон байгууллагын нэр, хүчинтэй хугацаа, оршин суугаа газрын хаяг, төрсөн газар, биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээлэл буюу хурууны хээ, гарын үсэг, бүртгэлийн дугаар, иргэний үнэмлэхний дугаар байна. Эдгээр мэдээллүүд нь чипний 25 хувийг л эзэлж байгаа юм. Ер нь үнэмлэх дээр тухайн иргэнийг хэн болохыг тодорхойлох мэдээллүүд байна. Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг энд оруулах шаардлагагүй. Цахим үнэмлэх маань өндөр зэрэглэлийн нууцлалтай, тухайн иргэний хурууны хээтэй учир хууль бусаар ашиглах боломжгүй.
-Иргэдийн мэдэж байвал зохих нууцлалын талаар яривал?
-Цахим үнэмлэх дөрвөн төвшний нууцлалтай. Монгол Улсын иргэний үнэмлэх гэсэн бичгийн өнгө өөрчлөгдөж харагдана, тухайн иргэний фото зураг нэвт харагдах гэх мэт нууцлалууд бий.
-Чипний баталгаат хугацаа хэдэн жил вэ?
-Дунджаар иргэн өдөрт чипээ нэг удаа уншуулахад 10 жилийн эдэлгээ даана гэж үзэж байгаа. Тэгэхээр баталгаат хугацааг дунджаар 10 жил гэж ойлгож болно. Олон улсын стандартад нийцсэн поликарбонат материалаар хийгдсэн.
-Үнэ өртгийн хувьд одоогийн хэрэглэж буй үнэмлэхээс үнэтэй байх?
-Одоогоор хэдэн төгрөгөөр хэвлэх нарийн тооцоо гараагүй байна. Эхний ээлжинд хуучин үнэмлэхтэй ойролцоо өртгөөр хэвлэхээр ярилцаж байгаа.
-Тухайн иргэн шилжилт хөдөлгөөн хийх үедээ цахим үнэмлэхээ солих уу, өмнөх шиг цаас наах уу?
-Цаас наахгүй. Энэ талаар нэлээд ярилцаж байгаад тухайн иргэн оршин суух газраа шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд заавал шинээр үнэмлэх авч, мэдээллээ шинэчлэх юм.