
Тус аймгаас төрөн гарсан үе үеийн төгсөгч залуучууд нэгдээд “Нутгаа хайрлах чин сэтгэлийн аян”-г 2008 оноос хойш гурван жилийн хугацаанд амжилттай зохион байгуулжээ. Тус аны хүрээнд төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөгөө өгснөөс гадна салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийг оролцуулан Ховд нутгийн хөгжлийн төлөө чуулган зохион байгуулж байжээ. Харин энэ жил аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжил” үйлчилгээний төв байгуулах төсөл санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Энэхүү төвийг байгуулснаар 15-20 хүнийг ажлын байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахуйн болон бусад төрлийн үйлчилгээг хөнгөлттэй үнээр авах боломж нээгдэх гэнэ. Тус аймаг нь 90 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 3-4 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн албан ёсны судалгаа гарчээ. Иймээс дээрх төвийг барихад зориулсан хандивын тоглолтыг арваннэгдүгээр сарын 25-ны 18.00 цагт “Аса” циркт хийхээр төлөвлөөд байгаа аж. Тоглолтод тус аймгаас төрөн гарсан Ардын жүжигчин Б.Зангад, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сийлэгмаа, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, Гавьяат жүжигчин, олноо “морины” хэмээн алдаршсан Г.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, дуучин Б.Батмэнд, Б.Болдбаатар, С.Цогтсайхан, Г.Мөнхбаяр, Б.Жавхлантөгс, “Гранд”, “Нюанс”, “Гурван бүдүүн”, “Нэгэн зүгт”, “Нэг алхам”, “Синк” хамтлаг нар оролцон ая дуу, сэтгэлийн өглөг өргөх нь ээ.
Тус тоглолтоос олсон орлогыг Ховд аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-нд хандивлах юм байна.