Мөрөөдөл хямдхан байх учиргүй

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Мөрөөдөл хямдхан байх учиргүй

Бөмбөгөр ногооноос эхтэй мэргэжлийн ууган театр 80 насныхаа ойг нижгэрхэн тэмдэглэж байх энэ өдрүүдэд Монголын тайзны урлагт нэгэн шинэ театр мэндэллээ. УДЭТ-ын тайзнаа 1976 онд тавигдсан В.Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” нэртэй анхны жүжгээ өнгөрсөн баасан гаригт СТӨ-нөө тоглон “Мөрөөдлийн театр” манай драмын урлагт отгон гишүүн болон мэндэлж буйгаа зарлав. Ёслолын буудлага, улаан хивсний ёслол, бөмбөрийн нүргээн, будрах цастай нээлтийн ёслол дүүрэн үзэгчтэй байсан билээ.

УДЭТ-ын жүжигчин байсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар театраасаа өрх тусгаарлан гарч өөрсдийн “Мөрөөдлийн театр”-аа байгуулжээ. Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, СТА Б.Баатархүү, залуу жүжигчин О.Дөлгөөн нарыг урьж тоглуулсан “Миний нууц хүү” жүжгийг үзэгчид сэтгэл хангалуун хүлээн авч, алга ташилтаа харамгүй шагнан, анхны бүтээлийг нь өлгийдөн авав. Отгон театрын анхны жүжиг найруулагч Д.Галбаярын тайзан дээр амилуулсан анхны бүтээл нь. Мөнгө хөөсөн хямдхан хошин шоунд авталгүй драмын урлагтаа үнэнч хэвээр үлдсэн залууст мэргэжлээ арилжаанаас дээгүүр тавьж чадсаных нь төлөө баяр хүргэх учиртай.

Ууган хүүгээ оллоо хэмээн хөөрцөглөн баярлах хөөрхийлөлтэй өвгөн |Г.Мягмарнаран|, осгож үхэх шахахдаа айлд орж дулаацахын тулд хүү нь болж худлаа жүжиглэсэн асрах газар өссөн өнчин залуу |Г.Эрхэмбаяр|, түүний найз |Г.Алтаншагай|, өвгөний охин |О.Дөлгөөн| нарын хооронд инээдэм, хөнгөн гуниг, уярал, хайр хөвөрнө. “Болор цом”-ын үеэр яруу найрагчдын шүлгийг мөр мөрөөр нь таслан “яруу найргийн өндөр мэдрэмжтэй” үзэгчид алга нижигнүүлэн ташдаг шиг жүжгийн үзэгдэл дундуур байсхийгаад алга ташилт бороо мэт шаагина. Тэдний уран бүтээл үзэгчдэд таалагдаж байх шиг байна аа. Гэвч энэ жүжгийг хоёрхон үгээр дүгнээд хэлбэл ердөө л хэтэрхий энгийн санагдав. Байдаг л сэдэв, ердийн л нэг зохиомж, үзэгчид хэзээ ч уйддаггүй хөнгөн наргиа. Хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар. Гэхдээ “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан хоёр залуугийн авьяас чадал, эрч хүч, том мөрөөдөлтэй харьцуулбал шүү дээ. “Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай гэж…” хэмээн тайзнаа хэдэн жилийн өмнө зогсож байсан Алтаншагайгаас өсөж дэвжсэн, задарсан, хөглөгдсөн Алтаншагайг тэнд олж харсангүй. “Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодогийнхоо энд нь хүрэхгүй Эрхэмбаярыг харахад харамсмаар. Үгүйдээ л “Галзуу дурлалт залуу” жүжгийн цагдаагийнхаа дүрээс ухарсан байгаа нь тоогүй. Уг нь уран бүтээлч хүн тулааны талбарт давшилт хийх команд авсан цэрэг эрс шиг үргэлж урагшаа, дээшээ тэмүүлж, өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргаашид өсөж, хөгжиж байх учиртай. Ийнхүү өчигдрийнхөө би-г өнөөдөр чамлаж амьдрах нь ирээдүйд тэмүүлэх залуу хүн бүрийг хөглөх хөг, задлах түлхүүр нь билээ. Энгийн, хялбар бүхэн эргээд хямдхан үнэлгээг бий болгодог нь ч хууль. Масс үзэгчдэд хөтлөгдсөн энэ мэт хямдхан бүтээл алт шиг мэргэжлийг зэв шиг идэж өмхрүүлэх аюултай.

Гэвч хөнгөхөн хошин үзүүлбэрүүдэд хэтэрхий автсан үзэгчдийг иймэрхүү энгийн жүжгүүдээр хөтлөн, зөвхөн нүүр, гэдэсний булчинд түрхэн зуурт мэдрэгдээд өнгөрөх зугаа төдий инээд биш, тархины булчинг хөдөлгөх даацтай бүтээлүүдийг хүсэмжилдэг болгох эхлэл гарц нь өнөөдрийн хувьд иймэрхүү жүжиг байж болох ч талтай. Ийм өнцгөөс харвал “Мөрөөдлийн театр” эхний нүүдлээ тун зөв хийлээ. Бүтээлээс бүтээлд бяр нь ханасан бөх шиг тэвхэлзэж, оргилсон, задарсан, оюун билгээ хөвчлөн шавхсан чансаатай бүтээлүүдийг урлагт хайртай үзэгчдэд толилуулсаар байх болно гэдэгт чинь итгэж байна.

Холын замд гарч буй нэгнийхээ аяных нь дөрөөг сүүгээр мялаадаг монгол сайхан уламжлал бий. Юуг ч болов сурч, мэдэхээр хичээж буй хүүхэд, залуусыг урмаар шагнадаг агуу ухаан ч бий. Анхны уран бүтээлээ өлгийдөн авсан “Мөрөөдлийн театр”-ын залууст амжилтын их гарааг бэлгэдэн, сүүн цацал өргөе. Мэргэжлийн урлагийн тайзнаа цойлон дүүлэх мөрөөдөл чинь биелэх болтугай.


Б.ЦАЦРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж