“Хямд шүүн таслах ажиллагаа сайн үр дүн авчрахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Хямд шүүн таслах ажиллагаа сайн үр дүн авчрахгүй”

Увс аймгийн Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Лхамхүүтэй шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлаа. Тэрбээр орон нутагт шүүхийн шинэтгэлийг  хаанаас эхлэх,  шинэтгэлийг үр дүнтэй болгох талаар судалгаа, санал боловсруулжээ.

-Сүүлийн үед шүүхийн шинэтгэлийн тухай их хөндөгдөх боллоо. Орон нутагт бодит үр дүн харагдаж байна уу?

-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай асуудал одоо л яригдаж байгаа шинэ зүйл биш. Энэ үйл явц нь шүүх эрх мэдлийн хүрээнд, ялангуяа нийт шүүхийн хүрээнд материаллаг болон процессын зарим хууль тогтоомжийг УИХ-аас шинэчлэн найруулж батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүрт шүүхийн шинэтгэл их бага ямар нэг хэмжээгээр хийгдэж, өөрчлөгдөж ирсэн гэж ойлгодог. Ингэснээр шүүгч хууль хэрэглэх болон хэрэг маргааныг шийдвэрлэдэг зарчим, арга зүй, түүнчлэн шүүхийн захиргаа, санхүү, аж ахуй байнга шинэчлэгдэж, боловсон хүчний мэргэшлийн чадавх өсч, өмнөхөөс хол ахисан гэж би хувьдаа үздэг. Тодруулж хэлбэл, шүүхийн шинэтгэл нь 2002 онд хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд холбогдох олон хуулиудыг УИХ шинэчилсэн найруулгаар баталснаар эрчимжиж эхэлсэн. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, шударга ёсыг тогтоох хөтөлбөр гаргаж, Шүүхийн тухай багц хуулиудыг санаачлан, шүүхийн шинэтгэлийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний чуулганаар хэлэлцүүлсэн нь шүүхийг тойрсон тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэж, шинэтгэх өмнө нь байгаагүй далайцтай алхмын эхлэл боллоо. Орон нутаг дахь шүүхүүдийн шинэтгэлд Шүүхийн ерөнхий Зөвлөлөөс баталсан эрх зүйн аян зохих үр дүнгээ өгч эхлээд байна. Аяны нэг гол зорилт бол “шүүх, шүүгч бүр шинэчлэгдэх” явдал. Зарчмын гол асуудал нь шүүх бусдаар шинэчлүүлэх бус, харин өөрөө шинэчлэгдэх явдал юм. Шүүхийн захиргааны байгууллагын энэхүү аяны эцсийн зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “шинэтгэлийг өөрөөсөө, яг өнөөдөр эхлэх”-ийг уриалсантай нийцэж, төрийн зарим байгууллага, албан тушаалтны уриалга, санаачилгатай шүүхийн өөрийн санал санаачилга нэгдэж, нийгмийн захиалгаар хүлээгдэж буй үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хүрээнд Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ц.Зориг Монголын бүх шүүгч, шүүхийн ажилтанд хандаж гаргасан уриалгадаа “шүүхийн шинэтгэлийн асуудлаар эрдэм шинжилгээний болон онол практикийн бага хурал зохион байгуулахыг” дурдсан. Энэхүү уриалга цаг үеэ мэдэрсэн, чухал ач холбогдолтой болж, шүүх өөрөө шинэчлэгдэх ажлын хүрээнд бүх шатны шүүхүүдэд зарим судалгааны ажлууд тодорхой үе шаттайгаар хэрэгжиж, шүүх, шүүгчдийн эхний санал санаачлага хуулийн төслийн хэмжээнд бэлтгэгдээд байна. Манай шүүх л гэхэд долдугаар сард Улаангомд шүүхийн шинэтгэлийн асуудлаар эрдэмтэн, судлаачдын баг , орон нутгийн хуульчид оролцсон онол, практикийн хурал хийлээ.

-Таны бодлоор шүүхийг шинэтгэхэд  ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Шүүхийг шинэтгэхэд хүргэсэн тулгамдсан асуудлуудыг хуульч хүний хувьд дэлгэрүүлж яривал багагүй хугацаа орно. Харин өөрийнхөө аймгийн шүүхийн үйл ажиллагааны талаар хийсэн зарим судалгаа, иргэдийн санал асуулга, практик үйл ажиллагааны явцад хийсэн ажиглалт, дүгнэлтэд үндэслэн шүүхэд, ялангуяа орон нутаг дахь шүүхүүдэд шүүхийн үйлчилгээг сайжруулах, шүүхийн шийдвэрийг шударга, үндэслэлтэй, ойлгомжтой үйлддэг байх, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд нэн тулгамдсан асуудал гэж хэлэх байна.

-Та аймгийнхаа шүүхийн байгууллагын хүрээнд судалгаа хийсэн гэсэн. Энэ судалгааны дүнгээр танай аймагт шүүхийн үйлчилгээ, түүний хүртээмж ямар төвшинд байна вэ?

-Увс аймгийн 18 сумын иргэдээс авсан санал, тодорхой судалгаанд тулгуурласан зарим нэг тоон үзүүлэлт гарсан л даа. Жишээ нь, нийт 74784 хүн амын 66 хувь нь аймгийн төвөөс 120-380 км алслагдсан 16 суманд амьдардаг. Зам харгуй бартаатай, дэд бүтэц хөгжөөгүй, нутаг дэвсгэрийн энэхүү алслагдсан байдал нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах иргэдийн үндсэн эрхийг хөндөөд зогсохгүй шүүхийн хүртээмжтэй байх зарчмыг алдагдуулж, эцэстээ орон нутагт оршин суугаа иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах нэг шалтгаан болохыг үгүйсгэхгүй.  Энд нэг бодит жишээ дурьдахыг хүсч байна. Аймгийн шүүхэд 2009-2011 оны эхний таван сард ирсэн гомдол, хүсэлт, нэхэмжлэлийн 70 хувь нь аймгийн төвийн , 25 хувь нь аймгийн төвөөс  30-60 км-т оршдог  гурван сумын иргэдээс,  5 хувь нь алслагдсан найман сумдын иргэдээс ирүүлсэн байдаг.  Дээрх үзүүлэлт нь хүн амын тоо, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн харилцааны эрчим зэргээс гадна шүүхийн газар орны байрлалаас ихээхэн хамаарч байгааг  харуулж байгаа юм л даа. Мөн тусгай хөтөлбөрөөр аймгийн бүх сумдад тус бүр хоёр өдөр шүүх нүүдэллэн ажиллахад 220 өргөдөл нэхэмжлэл, хүсэлт өгч, 609 хүн санал асуулгад оролцлоо. Судалгаанд оролцсон иргэнээс шүүхэд итгэх итгэл, шүүхийн үнэлэмж, шүүхийн шинэтгэлтэй холбоотой асуудлаар санал авахад 59 хувь нь шүүхийн шийдвэрийг шударга гарна гэдэгт итгэдэггүй, 68 хувь нь шүүх, шүүгч шинэчлэгдэх шаардлагатай, 63 хувь нь иргэн шүүх хол байдгаас хэрэг маргаанаа шийдвэрлүүлж чаддаггүй гэсэн хариулт өгсөн. Энэ санал асуулга манай аймагт шүүхийн шинэтгэл ямар асуудалд анхаарал хандуулахыг бодитойгоор харуулж байгаа хэрэг.

-Тэгэхээр танай аймагт шүүхийн үйлчилгээ, түүний хүртээмж шүүх байрлаж байгаа нутаг дэвсгэртэй шууд холбоотой гэж ойлгож болох нь ээ?

-Шууд хэлэхэд тэгж ойлгож болохоор байгааг дээрх судалгаа харуулж байна. Өөрөөр хэлбэл төвөөс алслагдсан сумдын иргэдэд шүүхийн үйлчилгээ тэр бүр хүрч чадахгүй хүлээлт үүссэн, шүүх хөдөө “хөлгүй” байна гэсэн үг. Иймээс иргэд аргагүйн эрхэнд өнгөрсөн үеийн “нүүдлийн”, “ардын”, “хэсгийн” гэсэн тодотголтой шүүхээ үгүйлж байгааг буруутгах аргагүй. Энэ нөхцөлд хөдөөд шүүх хэрхэн чирэгдэл багатай, иргэдэд хүрч ажиллах вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Практикаас үзэхэд шүүх нүүдэллэн ажиллаж байгаа өнөөгийн арга барил нь үр дүнтэй боловч шүүхийн бие даасан, хөндлөнгийн байр сууринаас шийдвэр гаргах, хуульд нийцсэн байр, орчинд шүүн таслах ажиллагааг явуулах, шүүгчийн аюулгүй байдал, ёс зүйд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.    Энэ  оны тавдугаар сард манай шүүх дөрвөн баг болон 18 суманд дөрвөн автомашинтай 10-14 хоног нүүдэллэн ажиллахад унаа, байр, хоол, томилолтод нийт 4.3 сая төгрөгийн зардал гарсан. Энэ нь аймгийн шүүхийн жилийн томилолт, шатахууны зардлын төсвийн 40 гаруй хувийг эзэлж байна. Ийм байдлаар жилд 1-2 удаа нүүдэллэн ажиллаж болох боловч энэ нь байнгын тогтмол үйлчилгээ болж чадахгүй.  Иймд шүүхийн бие “төлөөлөгч” буюу шүүхийн захиргааны ажилтны статустай ажилтанг суманд байршуулж, орон нутгийн шүүх “хөдөөдөө хөлтэй” байх нь зүйтэй гэж би  хувьдаа үздэг.

-Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд үүнээс гадна ямар ажил зохиох нь зүйтэй вэ. Ер нь бидэнд ямар алдаа дутагдал байна?

-Увс аймгийн 18 сумын 600 гаруй иргэнээс  авсан санал асуулгаар шүүх хэрэг маргааныг шударга шийдвэрлэдэг гэдэгт 107 хүн итгэдэггүй, 253 хүн эргэлзэж байна, 247 хүн итгэдэг гэж хариулсан байдаг. Шүүхийн шийдвэр хэдийгээр талуудад эерэг, сөрөг үр дагаврыг бий болгодог хэдий ч шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй, шударга, ойлгомжтой хэлбэрээр үйлдэж, нийтэд нээлттэй байлгах нь шүүхийн гол үнэлэмж, шүүхийн үйл ажиллагааны толь мөн. Анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолуудын тодорхойлох хэсгийг бүтэц, загвар, хэлбэрийн талаас нь судалж үзэхэд ерөнхийдөө хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл, акт баримтууд зэрэг гол нотлох баримтуудыг нэрлэж дурьдаад эдгээр нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн товч дүгнэлт хийгээд тогтоох хэсэгт шилжиж ял оноож байгаа тогтсон гэхээр хэлбэр загварт баригджээ. Бүр яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтыг тэр чигээр нь шахам хуулан бичсэн, эсвэл зөвхөн шийдвэрийнхээ үндэслэл болгосон баримт нотолгоогоо түүвэрлэж бичих байдал олонтаа ажиглагдаж байна. Эдгээр цагаатгах ба шийтгэх тогтоолуудад шүүхийн дүгнэлтийн хэсэг зүй ёсоор үгүйлэгдэж байна.

-Нэг хэв загварт баригдсан гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?  

-Аливаа тогтоол, шийдвэр, эрх зүйн шийдэл гаргасан баримт бичгийг тогтсон нэг хэлбэр загвараар үйлдэх нь өрөөсгөл. Эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн тогтоолыг шүүгч бүр өөр өөрийнхөөрөө бичих бүр ч боломжгүй. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүхийн тогтоол бичих хэлбэр, бүтэц хэсэг, хаана юуг, ямар дараалал байрлалтай, яаж бичихийг нэрлэн зааж тогтоосон. Энэхүү заалт зохицуулалтад 2007 онд орсон “ял шийтгэлийн байдал”, “хүчин төгөлдөр болох хугацааны” талаарх хоёр жижиг өөрчлөлтийг эс тооцвол үндсэндээ өөрчлөлт, хөдөлгөөнгүй явж ирснийг л шүүмжлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл хуульд заасан бүтэц, хэсэг, заалт шаардлагыг баримталж үйлдэх ёстой шүүхийн тогтоолын бүтэц, бичвэрийг зохицуулдаг процессын хуулийн зарим заалтуудыг дурьдах, тоочих, нэрлэх, давхардуулах, сунжирсан, логик муутай байдлаас ангижруулж эрх зүйн үнэлгээ хийсэн, дүгнэлт, шийдэл бүхий хялбар ойлгомжтой байх шаардлагыг хангахуйц өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий.

-Шударга шийдвэрийн нөгөө талд шүүгч гэдэг бие хүн, түүнийг тойрсон нийгмийн хамааралтай олон асуудлууд байдаг. Тэдгээрийг шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүйгээр хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Хуулиар, сургалтаар, дүрэм журмаар хатуу чанд хяналтаар бүрэн төгс шийдэгддэггүй, шийдэж чадахгүй байгаа зүйлийн нэг нь таны асуултад оршиж байгаа юм. Энэ бол хүнд сурталтай, чирэгдүүлдэг, авилга хээл хахууль, шан харамж авдаг, танил тал хардаг, гадны нөлөөллөөр шийдвэр гаргадаг, тэгш бус ялгавартай ханддаг гэх мэтээр шүүгчид өгч буй олон нийтийн заримынх нь үнэлгээ, сэтгэл зүй. Үүний гол шалтгаан нь дээрх байдлаас хамгаалагдсан дархлаа шүүгчид хараахан бий болж чадаагүй байгаатай холбоотой. Энэ дархлааг бий болгох хэрэгсэл нь “шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэх явдал” гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл, шүүхийн төсөв хараат бус, шүүгчийн орон сууц, унаа машиныг тусгай нөхцөлийн зээлээр буюу төрөөс өгдөг, хангалттай өндөр цалин тэтгэвэртэй, сургалтын төлбөр, даатгалын үйлчилгээ зэргийг төр бүрэн хариуцдаг гэх мэт эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглах нь илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй. Үндсэн хуульд “шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хариуцна” гэж заасныг салбар хуулиудад “төр хангана, төрөөс санхүүжүүлнэ” гэх мэтээр ерөнхий утгаар нь зохицуулсан байдаг. Шүүхийн тухай багц хуулиудад илүү нарийвчилсан, тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаж, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах нь зүйтэй. Хямд шүүн таслах ажиллагаа сайн үр дүн авч ирэхгүй нь мэдээж.

-Шүүгчийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нэг үндэс нь нийгмийн хангамж, цалин хөлсний асуудалтай холбож тайлбарлалаа. Нөгөө талаас шүүгч нарын мэдлэг ур чадварын төвшинг сайжруулах нь чухал гэж боддог?  

-Тэгэлгүй яахав. Шийдвэр гарахад шүүгчийн боловсрол, мэргэшил, ур чадвар, дадлага, туршлага чухал. Үүнийг шүүгчийн үргэлжилсэн, давтан, сэдэвчилсэн, гадаад дотоодын сургалтын олон хэлбэрээр шийдэж болох зүйл, шийдэж ч байна. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хийхэд шүүгч өөрөө шинэчлэгдэх, сэтгэлгээгээ шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Аливаа шинэтгэл эхлээд хүний зүрх сэтгэлд, дараа нь нийгмийн сэтгэл зүйд суувал илүү үр дүнд хүрдэг. Увс аймгийн шүүгчид “шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” эрх зүйн соёлын аяны хүрээнд нэлээд олон ажил санаачлан хийж байгаагаас нэгийг нь би энд онцлохыг хүсч байна. Шинэчлэгдсэн шүүгч байх хамгийн эхний алхам нь “шүүгч бүр сэтгэлгээгээ өөрчлөх, бодол санаагаа ариун байлгах” явдал гэж тодорхойлж, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хар талаас нь биш, гэгээтэй талаас нь олж харж байх явдлыг сэтгэхүйн гол зарчим гэж үзэж байгаа. Энэ хэмжээгээр шүүхийн маань шийдвэр “өнгө гэгээтэй” болж өөрчлөгдөнө шүү дээ.           

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж