
Энэ удаагийн хэлэлцүүлэг нэвтрүүлгийн сэдэв “Нийтийн эзэмшлийн талбай ба иргэдийн оролцоо”.
Улаанбаатар хотын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, ирүүлдэг захидлын ихэнх хувийг нийтийн эзэмшлийн талбай дээр оршин суугчдын эрх ашгийг хөндөж, барилга барьж байгаатай холбоотой гомдол, санал эзэлдэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд нийслэлийн иргэдтэй уулзах үеэр ч голлон хөндөгдсөн асуудал энэ байв. Уулзалтад оролцсон иргэд хэрэв нийтийн эзэмшлийн газарт барилга байшин барих гэж байгаа бол тэнд байгаа тоглоомын талбай, оршин сууж байгаа ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар заавал тэднээс асууж шийдэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.
Иргэдийнхээ тав тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь нэг талаас төрийн үүрэг, нөгөө талаас иргэдийн өөрсдийнх нь хариуцлага, идэвхтэй оролцооны асуудал юм. Нийтийн эзэмшлийн талбай дээр барилга барихдаа хотын замын түгжрэлийг ч тооцох ёстой гэдгийг нэвтрүүлгийн үеэр бас хөндөх юм.
Нэвтрүүлгийн зөвлөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх, Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгч Л.Эрхэмбаяр оролцоно. Нэвтрүүлгийн зочноор Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитекторч Э.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалтын газрын харилцааны бодлогын газрын мэргэжилтэн Э.Дондмаа, Нийслэлийн газрын албаны хэлтсийн дарга М.Буяндэлгэр нарыг уриад байна. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд, хот төлөвлөлтийн мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл, зарим хорооны Сууц өмчлөгчдийн холбооны төлөөллөөс оролцуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн нэвтрүүлэг нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрахад нэн чухал асуудлыг хөндөх гэж буйгаараа онцлог. Нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, өндөр өндөр барилга сүндэрлэж, өнгө жавхаа нэмж байгаа нь үнэхээр сайхан. Гэтэл үүний цаана нийтийн эзэмшлийн газар нутаг улам хумигдаж, олон жилийн настай ногоон байгууламж сүйдэж, төв хэсгээс бусад газарт явган хүний зам нүдний гэм болж, нэг барилгын цонхыг нөгөө барилгаар халхалж тав тухтай аж төрөх, чөлөөтэй алхаж явахад хүндрэл нэмэгдсээр байна. Цонхоо халхлуулсан иргэдийн нар үзэх эрх, тоглоомын талбайгаа булаалгасан багачуудын тоглож наадах эрх, нар салхинд гарч хууч хөөрдөг сүүдрэвчээ нураалгасан хөгшдийн амрах эрх, хичээл номоо уншингаа усан оргилуурын дэргэд сэрүүцэж, бас болзож уулзах цэцэрлэггүй болсон залуусын эрх, явган хүний замаар айдас түгшүүргүй тайван алхах эрхээ баригдаж буй барилгын хэзээ мөдгүй нурах хашаа, машины зам хоёрт булаалгасан явган зорчигчдын эрх үүний цаана бий. Хотын барилгажилтын асуудал, иргэдийн эрх хоёр ийнхүү зөрчилдөх болсон нь өнөөгийн Улаанбаатарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнийг нэвтрүүлгийн үеэр хөндөн ярилцахын сацуу бодит жишээн дээр хэлэлцүүлэг яриаг өрнүүлэх юм.
Сууц өмчлөгчдийн холбооны болон нийтийн эзэмшилд байгаа газар талбай, ногоон байгууламж дээр барилга байшин барих, Засаг даргын шийдвэрүүд гарахад иргэд оролцож дуу хоолойгоо хүргэж чадаж байна уу, энэ асуудлаар иргэд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж оролцох хууль эрх зүйн орчин байна уу, үгүй юү. Байгаа бол амьдралд хэрэгжихдээ яаж байна. Нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулах шийдвэр гаргадаг эрх бүхий хүмүүс иргэдийн санаа бодлыг сонсдог эсэх гэсэн асуудлуудыг энэ удаагийн нэвтрүүлгээр хөндөх юм.
Нэвтрүүлгийн үеэр сэдвийн сурвалжлагаар тодорхой жишээнүүдийг харуулж, яриа хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг, Энхтайваны гүүрний урдах 120 мянгатын орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж дээр баригдах гэж байгаа “Алтай констракшн” компанийн үйл ажиллагаатай холбоотой сэдвийг хөндөнө. Мөн Их дэлгүүрийн өмнө байрлалтай 40 мянгатын байрнуудын “Соёлч 40 мянгат” СӨХ-ийнхний газар олгосон шийдвэр гаргагчидтай хийж байгаа тэмцэл, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын 33 дугаар байрын арын нийтийн эзэмшлийн газарт ухсан газраас болж иргэд болон газрыг эзэмшилдээ авсан компанийн хооронд үүссэн маргаан зэргийг хөндөх юм байна.
Ийм асуудал үүссэн тохиолдолд иргэдэд оролцох эрх бий юү, шийдвэр гаргагчид энэ үед яах ёстой вэ гэдгийг үүгээр хөндөж ярих юм. СӨХ нь иргэдийг төлөөлдөг гэдэг ойлголт оршин суугчдад түгээмэл байдаг. Гэтэл зарим жишээн дээр СӨХ-ийн дарга нь барилга барих гэж байгаа компанид худалдагдаж, тухайн оршин суугчдаас асуухгүйгээр худал шийдвэр гаргаж зөвшөөрсөн мэтээр тамга дардаг, бичиг хийж өгдөг асуудалд ч гарч ирдгийг нэвтрүүлэгт мөн тусгана. Иргэдийн эрүүл аж төрөх, амрах эрхэд хамгийн хамаатай энэ сэдэвт үзэгчид анхаарлаа хандуулаарай.