АН-ын бүлэг тодорхой мэдээлэл хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг тодорхой мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан дуусч, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний саналыг хэлэлцэн, гишүүдээр санал хураалгасан байна. Нийт 20 гаруй асуудлаар санал хураалгаж, бүлгийн саналыг нэгтгэсэн. Гэхдээ яг ямар санал дэмжлэг хүлээж, хэдий хэмжээний урсгал зардлыг танаж, царцаах шийдвэрт хүрсэн талаар мэдээлэх боломжгүй. УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн зардал дээр ямархуу шийдвэр гаргана, тэдгээр дээр нэгбүрчлэн ажлын хэсэг зөвшилцсөний үндсэн дээр мэдээлэл хийх боломж бүрдэнэ гэлээ. Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Мөнгөний бодлого, гэвч мөн л төсвийн нэгэн адил нууцлахаас аргагүй зүйл аж. 

Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийг авч хэлэлцсэн байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж байсан бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Ч.Сайханбилэг даргын тайлбарласнаар бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчих юм бол тус газарт өргөдөл гаргасан  хүмүүсийн хүсч байсан хүсэл нь 180 градус эргэх гэнэ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн гэмт хэргийн нотлох баримттай гэмт хэрэг үйлдсэн байтал эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх нөхцөл байдал үүссэн аж. Тиймээс бүлгийн гишүүд ийм дүгнэлтийг авснаар мөн аваагүйгээр хууль эрх зүйн ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг ажлын хэсэг гаргаж нягтлуулах шаардлагатай гэж үзжээ. Ингэхдээ олон улсын жишиг, чиг хандлага, бусад орнуудад байдаг жишиг хандлагыг харьцуулж үзэх, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаар болж ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрчээ. Бүлгийн хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх шатанд байр суурь нэгтгэгдсэн байх гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж