
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх барцадтай байна. Энэ жилийн хувьд МАН-ын “Улаан хамгаалагч” У.Хүрэлсүхэд 2012 оны сонгуульд хэрхэн ялалт байгуулах вэ, ард түмэнд өгсөн амлалтаа хэрхэн биелүүлэх вэ, МАХН болоод МАН-ын хооронд үүссэн асуудлыг хэрхэх вэ гэдгээс авахуулаад санаа тавих зүйл бишгүй их бий. Гэтэл “Дайны хажуугаар дажин” гэгчээр энэ сарын 26-нд буюу Тусгаар тогтнолын өдрөөр албан ёсоор нээхээр зэхэж байсан “Тусгаар тогтголын ордон”-ы дээд давхруудад өчигдөр гал гарчээ.Ийнхүү одоогоос хоёр жилийн өмнө намынхаа шатсан байрны дэргэд шивнэсэн түүний хүслийг бурхан сонссонгүй. Тэрбээр 2009 оны долоодугаар сарын нэгэн өдөр намынхаа байрыг буулгах ажилтай танилцах үеэрээ алгаа хавсран залбирч байсан гэдэг. Ойр хавьд нь зогсож байсан хүмүүс түүнийг “Миний намын байр баяртай. Шинэ байр барих ажил саадгүй байх болтугай” гэж хэлсэн гэдэг юм билээ. Гэтэл түүний хүслийг сонсох нь битгий хэл “Тусгаар тогтнолын ордон”-ыг нээж улаан тууз хайчилдгийн даваан дээр улаан гал дүрэлзүүлэх нь тэр.
Уг нь АН-ынхан “Ардчиллын ордон”-ыхоо барилгын ажлыг эхлүүлж, газрын маргаанаа эцэслэж чадаагүй байгаа энэ үед МАН-ын генсек У.Хүрэлсүх бусдаас арай л өөр гэдгээ харуулж байсан юмсан. МАН-ын бага хурал энэ сарын сүүлчээр болох гэж байгаа. Гэтэл энэ үед улаан гал дүрэлзсэн нь У.Хүрэлсүхийг “Намын бага хуралдаа анхаарах уу. Намын байраа гэх үү” гэдэг дээр гацааж орхилоо. Тэрбээр саяхан л “Намын бага хурлаа шинэ байрандаа хийнэ” хэмээн мэдээлж байв. Харин энэхүү үйл явдал чухам юу өгүүлж байгаа бол.
Т.Урангэрэл"Улс төрийн тойм" сонин