Б.Чингүүн: Богино хэмжээний кино миний хобби | News.MN

Б.Чингүүн: Богино хэмжээний кино миний хобби

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн: Богино хэмжээний кино миний хобби

Б.Чингүүн: Богино хэмжээний кино миний хобби
Интернэт хэрэглэгчдийн дунд “Анхны болзоо” хэмээх богино хэмжээний кино эрэлт ихтэй байна. Тус киног “Амьдралын амт”, “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл киноны найруулагчаар ажилласан Б.Чингүүн найруулжээ. Тэрбээр “Анхны болзоо” хэмээх богино хэмжээний киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулсан байна.
-“Анхны болзоо” гэх богино хэмжээний киног яагаад хийх болов?
-Хиймээр санагдаад, би өөрөө богино хэмжээний кино хийх хоббитой. Олон сэдэв дотор бодогдож байсан. Ер нь нэг богино хэмжээний кино хийнэ гэсэн зорилго тавьсан байсан. Тэгээд л хийсэн.
-Сэдэв нь их таалагдсан. Санаагаа яаж олсон бэ?
-Би урд нь олон богино хэмжээний кино хийж байсан. Оюутан байхдаа. Яахав, яг мэргэжлийн түвшинд хийсэн нь “Анхны болзоо” юм. Санаагаа аравдугаар сард олсон. Игорь Крутойг сонсч байсан чинь толгойд гэнэт санаа орж ирээд.
-“Анхны болзоо” интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа?
-Би хүмүүст ингэж хүрнэ гэж бодоогүй. Хийе гэж бодоод л хийсэн. Тэгээд www.youtube.com-ийн гишүүн болоод, киногоо тавьсан. Тэгсэн хүмүүст их хүрсэн байна лээ. Тавхан хоногийн дотор 39000 хүн үзсэн байсан. Нэгдүгээр сарын сүүлээр зураг авалтаа хийгээд валентиний өдрөөр UBS телевизээр гаргасан.
– Нью-Йорк, Францын кино фестивальд оролцох санал ирсэн гэл үү?
-Би киногоо өөрийн facebook дээрээ тавьсан байсан. Тэгсэн Нью-Йорк, Францаас кино фестивальд оролцох санал ирсэн. Материалаа явуулаарай гэсэн. Тиймээс материалаа бүрдүүлж байгаа. Удахгүй явуулна.
-Фестиваль нь хэзээ болох вэ?
-Тав, зургаан сард болох юм шиг байна лээ.
-Энэ кинонд үргэлжлэл байгаа юу?
-Үргэлжлэл байх онцгүй ш дээ. Ингээд л төгсөнө. Энэ нь илүү амттай. Дараа нь өөр сонин бүтээл хийсэн нь сонирхолтой ш дээ.
-Бүрэн хэмжээний уран сайхны кино ч бас гоё шүү дээ?
-Гоё л доо. Гэхдээ богино хэмжээний кино нь илүү амттай. Толгой илүү ажиллаж, сэтгэдэг. Богино хэмжээнд яаж санаагаа гаргах, хэдийгээр богино гэж байгаа ч кино шүү дээ. Тиймээс илүү их сэтгэхүй шаарддаг. Оюутан байхдаа хийсэн 7-8 кино бий. Тухайн үед сурч байхдаа хийсэн болохоор арай дутуу санагдаад, ил гаргалгүй өөртөө л хадгалдаг.
-Дараагийн кино чинь хэзээ гарах бол?
-Одоо хийх гэж байгаа. Хоёр ч киноны санаа байгаа. Зохиолоо бичиж байна. Гуравдугаар сард үзэгчдэд хүрэх байх. Бас нэг бүрэн хэмжээний кино зохиол дээр ажиллаж байгаа. Гэхдээ одоохондоо нууц байг.
-Ингэхэд “Аватар” киног үзсэн үү?
-Бүр дөрвөн удаа үзсэн. Их гоё кино болсон байна лээ. Цаад утга санаа нь их таалагдсан. Хэдий фантаз ч гэсэн нийгэмд тулгамдаад байгаа байгаль эхтэйгээ зөв харьцах хэрэгтэйг харуулсан нь их таалагдсан. Хоёр цаг үргэлжилсэн мөртлөө үзэж байхад цаг хугацаа сум шиг л өнгөрсөн.
-Киногоо хийхэд хамгийн сайхан нь юу вэ?
-Сэтгэлдээ бодож төсөөлж байсан зүйл маань дүрсжээд амилна гэдэг хамгийн сайхан. Найруулагч хүн эхлээд киногоо сэтгэлдээ бүтээдэг. Гэхдээ сэтгэлдээ бодсон болгон үр дүн нь яг адил байж чаддаггүй. Найруулагч, зураглаач, зураач гээд бүхэл бүтэн багийн ажил байдаг учир яг миний дотроо бодсон шиг 100 хувь байж чаддаагүй юм. Бүх л найруулагчид тэгж санагддаг байх.
-Тиймээс л найруулагч болгон их ааш муутай байдаг гэдэг. Харин та?
-Би гайгүй ш дээ. Ажлаа хийж байх үедээ хаяа уурлах үе гарна. Ер нь бол тийм аймар ааштай биш ээ.
М.ДӨЛГӨӨН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж