Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

ATP World Tour Finals эхэллээ

Францын теннисчин Жо Уилфред Цонга, Швейцарийн Рожер Федерер нар энэ жил байнга шахуу хоорондоо таарч байгаа. Хамгийн сүүлд Парис Мастерс тэмцээний шигшээд таарч, Федерер ялалт байгуулж байсан бол энэ удаад Лондонд болж буй ATP World Tour Finals тэмцээнд дахин учрав. Аваргын цомоо хамгаалж байгаа Рожер Федерер сүүлийн 12 тоглолтод дараалан хожсон амжилтаа энэ удаад ч ахиулахыг хичээж, эхний сэтэд довтолж тоглосон нь үр дүнд хүрсэн байна. Ердөө 21 минутын дотор 6:2-ын харьцаатай Швейцарь теннисчин эхний сетэд хожжээ. Харин дараагийн сетэд Цонга арга барилаа өөрчилж, торны урдаас сөрөг довтолгоо хийж хариуг нь барьснаар 6:2-ын харьцаатай хожиж, нэмэлт сетийг гаргалаа. Шийдвэрлэх сетэд Цонга өөрийн давуулалтаа хангалтгүй хийж 6:4-ийн харьцаатай Рожер Федерер хожиж, энэ тоглолтын ялагч болсон юм. Тэрбээр энэ жил зургаа дахь удаагаа АТР Finals-ын аварга болох зорилго тавиад байгаа. Дараагийн тоглолтоо Федерер мөн л хуучны өрсөлдөгч Рафаэль Надальтай хийнэ.

Испани теннисчний хувьд энэ хэсгийн эхний тоглолтоо Америкийн Марди Фиштэй хийлээ. Анх удаа шилдэг найман теннисчний өрсөлдөөнд орж байгаа Фиш эхний сетэд багагүй сандарч, давуулалтуудаа алдаатай гүйцэтгэснээр Надаль 6:2-ын харьцаатай эхний сетийг ядах юмгүй өөрийн болгожээ. Харин дараагийн сетэд дэлхийн чансааны наймд бичигдсэн Фиш урагшаа довтолж, торны ардаас хүчтэй цохилтуудаар оноо авснаар 6:3-ын харьцаатай хожиж сетийг тэнцүүлжээ. Сүүлчийн сетэд аль нэг нь илүүрхэж чадалгүй тай брек хүрсэн байна. Энэ үед их дуулгын 10 цомын эзэн Надаль илүүрхэж эхэлсэн. Тэрбээр хоёр ч удаа мач пойнт авч чадалгүй алдсан ч 7:3-аар хожиж тэмцээний эхний ялалтаа байгууллаа.

Өнөөдөр тус тэмцээний А хэсгийн тоглолтууд болно. Энди Муррей, Давид Феррертэй, Новак Жокович, Томаш Бердыхийн эсрэг тус тус тоглох хуваарьтай. 

Энэ тэмцээний шагналын сан 4,5 сая ам.доллар. Тэмцээнд оролцсоныхоо төлөө л 70 мянгыг авах бол нэг ч ялагдалгүй түрүүлсэн тохиолдолд нэг сая, 630 мянган ам.долларын эзэн болох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж