Монгол Улсад өргөн, нарийн төмөр замын аль нь ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Монгол Улсад өргөн, нарийн төмөр замын аль нь ашигтай вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Засгийн газрын төвшинд бүтэн нэг жилийн хугацаанд боловсруулсан гэх уг бодлогод гурван чиглэлд үе шаттайгаар төмөр зам тавихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Дорноговь гэсэн маршрутаар 1600 км төмөр зам тавина. Хоёрдугаар ээлжинд Тавантолгойгоос урд хөрш рүү чиглэсэн 300 км төмөр зам, гурав дахь нь баруун тийш ОХУ-руу чиглэсэн төмөр зам татахаар төлөвлөж, 3000 км зам тавихаар тооцоолсон байна. Нийт тавигдах төмөр замын урт 5000 км үргэлжилнэ. Ингэхдээ өргөн царигт суурилсан төмөр зам тавихаар төлөвлөөд буй. Учир нь нүүрсийг түүхийгээр нь экспортлоход эдийн засгийн үр ашиг багатайн дээр Хятад улс жил гаруйн өмнөөс төмөр замаар түүхий нүүрс тээвэрлэхийг хориглосон. Нөгөөтэйгүүр, өмнөд хөрш нүүрсний нөөцөөрөө Монгол Улсаас давуу, тодруулж хэлбэл, 100 дахин их нөөцтэй. Нэг үгээр хэлбэл, бодлого боловсруулагчид энэ мэт эдийн засгийн бодит бололцоог харгалзан үзэж, баримт бичгийг боловсруулжээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын тайлбарласнаар бол өргөн царигтай төмөр зам ачаа даах хүчин чадал нь нарийнаас хэдэн хувь илүү. Мөн ОХУ-ын тал өөрийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Монголын ачааны галт тэргэнд суурь тарифын 65 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн санал тавиад байгаа. Харин Хятад улсын хувьд Төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-аар батлуулсны дараа хэлэлцээрийн ширээний ард сууж болох юм гэсэн байр суурьтай байгаа аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төмөр замын маршрут дээр нэг их цэц булаалдаагүй ч цариг дээр жинхэнэ “байлдав”. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр дан ганц ОХУ-ын талд ашигтай тусахаар төмөр замын бодлогыг УИХ-д оруулж ирсэн тул төрхөмд нь буцаах шаардлагатай. Хоёр том гүрний дунд байгаа Монгол Улс хэн, хэнд нь тал алдахгүй явах ёстой. Энэ үүднээс ОХУ-руу тавих төмөр замыг өргөн царигаар, өмнөд хөрш рүү довтолгох төмөр замыг нарийн царигтай байхаар бодлогод тусгах ёстой” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дэлхийд хоцрогдсон царигийг Монголд дахин нутагшуулах гэж оролдох нь хөгжлийг хойш чангаах төдийгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гарлага ихтэй ажил болж, хувирна хэмээн хэлж байлаа. Учир нь, дэлхий дахинд өргөн төмөр зам ердөө 13 хувийг эзэлж байгаа бол нарийн царигтай төмөр зам 61 хувийг эзэлж буй. Хятад улсаас гадна газрын тосоороо хамгийн баянд тооцогдож байгаа Арабын орнууд, Европ дахин, АНУ, Канад, Австрали гээд хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүд нарийн царигтай төмөр замыг сонгожээ. Гадаад худалдааны 90 хувийг нарийн төмөр замаар тээвэрлэсэн байдаг.  Мөн хүчин чадлын хувьд нарийн төмөр зам өргөн төмөр замыг гүйцэхгүй гэж тайлбарлах нь ташаа мэдээлэл болох гэнэ. УИХ-ын гишүүн Н.Батбаярын хэлснээр бол нарийн царигтай төмөр замын ачаа даах хүчин чадал өргөнөөсөө зургаан дахин их. Нэг цуваан дээр 18000 тонн ачаа тээвэрлэх бололцоотой, харин өргөн царигтай төмөр зам ердөө 3000 тонноос хэтрэхгүй. Салбарын сайдын хариу тайлбараар бол далайд гарцгүй Монгол Улсын хувьд Транс Сибирийн төмөр замыг сонирхохоос аргагүйд хүрч байгаа. Өөрөөр хэлбэл, шууд Европтой холбогдох гарц байхгүй гэсэн үг л дээ. Тэгээд ч энэхүү махаа идсэн бодлогын баримт бичгийг жилийн турш боловсруулахдаа санаагаараа зохиогоод гаргаад ирсэн юм ч бас биш, мэргэжлийн олон хүний судалгаа, санал дүгнэлтээс иш үндэс болгосон. Мөн Монгол Улс 20 жилийн турш түүхий эдийн хавсарга орон явж ирсэн шигээ дахиад ирээдүйгээ тодорхойлох уу, эсвэл өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох уу гэдгийг бас харж үзэх ёстой. Дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг Монгол Улс дангаараа хангах боломжтой хэмээн гайхуулдаг ч сүүлийн 10 гаруй жилийн турш өмнөд хөршийн ченжүүд энэхүү зах зээлийг гартаа аван, өөрсдийнхөө хүссэнээр үнэ тогтоодог болсон. Үүнээс болж, нэгэн үе 20 мянган төгрөгт хүрч, өндөр авч байсан арьс шир, өнөөдөр 2000 төгрөг рүү навс унасан гээд яривал эмгэнэлтэй жишээ олныг татаж болно. Нэг ёсны Монгол Улс өчнөөн тэрбумаар нь өр зээл тавиад  нарийн төмөр зам тавьчихдаг. Тавьсан нь хойно өмнөд хөрш “Манайх танай нүүрсийг авахгүй гэвэл яах вэ. 20 жилийн өмнөх алдааг давтахгүй юмсан гэсэндээ энэ бүх зовлонг тоочиж сууна шүү” гэдгээ ч салбарын сайд учирлаад авсан. Басхүү санал гаргаад нарийн төмөр зам тавина аа гэвэл үгүй гэж зүтгэхгүй, энэ бүхэн нээлттэй байгаа” гэдгийг ч эцэст нь тэмдэглэсэн юм.
Тиймээс Монгол Улс өргөн царигтай төмөр замыг сонгох уу, эсвэл дэлхийн жишгийг дагаж, нарийн төмөр замд шилжих үү. Аль эсвэл хос төмөр замтай болох уу гэдэг эцсийн шийдлийг УИХ тодорхойлно.  Харин эдийн засгийн үр ашиг хийгээд, геополитик гээд олон тулгамдсан асуудлыг ч бас давхар бодолцох хэрэг гарна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж