АНУ-ын бодлого Ази руу чиглэснийг нотлов

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын бодлого Ази руу чиглэснийг нотлов

Б.Обама өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн орнуудын тэргүүн нартай уулзаж, хэд хэдэн оронд зочиллоо. Мөн Австралид айлчилж, Хавайн аралд өнгөрүүлсэн хүүхэд насаа дурсан Индонезийн Засгийн газартай зарим салбарт хамтран ажиллахын тулд нутаг дээр нь очсон юм. Б.Обамагийн айчлалууд зах зээл нь хурдацтай тэлж буй орнууд руу зүглэсэн нь тохиолдлынх байсангүй. Ажиглагчид үүнийг АНУ-ын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн оролдлого гэж тайлбарлаж байна. Түүнчлэн тус улсын гадаад бодлого Ази руу хандах болсныг илтгэж байж ч болох юм.

АНУ-ын Конгресс төсвийн та­лаар ид маргалдаж байгаа. Аме­рикчуудын хувьд хамгийн том асуудал нь экспортоо нэмэгдүүлэх, үүгээр дамжуулаад шинэ ажлын байр олноор нь бий болгох юм. Хоёр оронтой тоо руу ойртсон ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд Б.Обама төсвийн зардлаа их хэмжээгээр нэмэх шийдвэр гаргаад байгаа билээ. Гэхдээ энэ нь АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулах учир төдийлөн оновчтой санал байж чадахгүй гэж зарим ажиглагч тайлбарлаж байгаа. Нөгөөтэйгүүр удахгүй болох Ерөнхийлөгчийн сон­гуульд ард түмнээсээ санал авах гэсэн оролдлого гэж хардах нь бий.

Австралид хийсэн айлчлалынхаа үеэр Б.Обама тус улстай гадаад худалдаагаа өргөжүүлэх зорилгоор хэд, хэдэн гэрээ байгуулжээ. Мөн терроризмын эсрэг хамтран ажил­лах, цэрэг, зэвсгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна. Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардын мэдэгдсэнээр ирэх онд АНУ-ын 250 усан цэрэг тус улсад очих аж. Хоёр орны төлөөлөгчид цэргийн салбарт хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээр байгуулсны дараа шинжээчид “Энэ бол Хятадын нөлөөг бууруулах гэсэн АНУ-ын оролдлогын нэг” хэмээн дүгнэжээ. Б.Обама өмнө нь Австралид хийх гэж байсан айлчлалаа гурван ч удаа цуцалж байсан юм. Харин Австралийн хувьд энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи цэргийн салбарт гадны оронтой хамтран хийж хамгийн том хөрөнгө оруулалт юм.

 Австрали улс түүхий эд, ашигт малтмалын экспортоор дэлхийд тэргүүлдэг. Америкчууд үүнийг ч бас ашиглахыг хүсчээ. Даш­рамд дурьдахад, Б.Обамаг үдэж өгснийхөө дараа Австралийн Зас­гийн газар түүний айлчлалтай хол­боотой нарийвчилсан маршрутыг “The Age” сонинд нийтэлсэн Дайлан Вэлк хэмээх сэтгүүлчтэй холбоотой мөрдөн байцаалтыг эхлэхээр болсон байна. Учир нь түүний нийтлэлд дэндүү нарийн ширийн зүйлийг мэдээлсэн байжээ.

Харин Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзахдаа Бээжингийн валютын ханш, гадаад худалдааны бодлогод шүүмжлэлтэй хандаж бай­гаагаа илэрхийлсэн. Харин “По­литико” сонинд энэ тухай “Хятад улс Б.Обамагийн гомдоллохыг сон­сохоос өөр юу ч хийхгүй” гэх нэлээд хурц дүгнэлт хийжээ. Ямартай ч Б.Обамаг Ерөнхийлөгч болсноос хойш Хятад, АНУ-ын харилцаанд хэд, хэдэн удаа таагүй уур амьсгал бий болж байв. Төвдийн асуудал, Тайваньд нийлүүлсэн зэвсэг гэх мэтээр Б.Обамагийн засаг захиргаа Хятадын талын хөндүүр сэдвийг үргэлж хөндсөөр ирсэн. Нөгөө талаас юанийн ханшийг богино хугацаанд чангаруулахыг хүссэн хүсэлтийг нь Хятадын тал хүлээж аваагүй юм. Вэнь Зябао энэ асуудалд аажуу тайван хандаж, юанийн ам.доллартай харьцах ханшийг алгуурхан чанга­руулахыг  хүссэн. Үүнд дургүйцсэн АНУ-ын Конгрессын гишүүд Хята­дын компаниудыг зах зээлээсээ шахахын тулд хууль батлахад хүрч байв. Иймэрхүү байдал хоёр орны харилцаанд таагүй уур амьсгал бүрдүүлсэн юм.

Б.Обама Цагаан ордонд эргэн очсоныхоо дараа төсвийн алдагдлаа хэрхэн багасгах вэ гэж  толгойгоо гашилгахаас өөр аргагүй. АНУ-ын төсвийн алдагдал 1.2 их наяд ам.долларт хүрээд байгаа юм. Энэ байдал даамжирвал тус улс өрөө төлж чадахгүйд хүрч, зээлжилтийн агент­лагууд АНУ-ын зээлийн ча­на­рыг бууруулж мэдэх юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж