Тахрирын талбайд 13 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Тахрирын талбайд 13 хүн амиа алджээ

Египетийн нийслэл Каир хотын төв талбайд болсон эсэргүүцлийн хөдөлгөөн үймээн болон хувирч, 13 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хувьсгал хийж, ерөнхийлөгч Хосни Мубаракийг унагасан египетчүүд цэргийн эрх мэдэлтнүүдийн санаачилсан үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ажээ. Ням гаригт цагдаа, цэргийнхэн жагсагчдыг хүчээр тараахаар нулимс асгаруулагч, бороохой хэрэглэсэн байна. Гэсэн ч ердөө нэг цагийн дараа жагсагчид дахин цугларч, цэргийн эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн уриа лоозон барин жагссан байна. Каир хотоос гадна Александриа, Суэц, Асван зэрэг хотод ч мөн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Ням гаригт жагсагчид болон цэргийнхний хооронд гарсан мөргөлдөөний үеэр 11 хүн амиа алдаж, 900 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцруулснаас хойш тус улс ирэх хоёрдугаар сард бүх нийтийн сонгууль явуулахаар төлөвлөж байгаа ч цэргийн эрх мэдэлтнүүд тус улсад ноёрхлоо тогтоох гэж байна гэдэг айдас иргэдийг түгшээж байгаа юм. Хувьсгалын дараа ардчилал тогтоож, шударга ёсыг бий болгоно гэж амлаж байсан цэргийнхэнд иргэд итгэл алдарчээ. Амласан ардчилал, шударга ёс нь цэргийн дэглэм болж хувирч байгаад бухимдсан иргэд тус улсын цэргийн зөвлөлийн тэргүүн фелдмаршалл Тантавиг огцрохыг шаардаж байгаа юм. Тахрирын талбай дахь жагсагчид урьд урьдынхаас ч олон байгаа ажээ.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Катерин Эштон Египетийн эрх баригчдаас жагсагчдын эсрэг явуулж буй хүчирхийллийг зогсоохыг шаардсан байна. Египетэд парламентын бүх нийтийн сонгууль энэ сарын 28-нд болох юм. Цэргийн эрх мэдэлтнүүд үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар улс оронд ноёрхлоо тогтоож, төсвийг хяналтдаа авна гэж египетчүүд үзэж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж