
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тус газрын удирдлагууд хууль зөрчин, албан тушаал бууруулсныг шүүх тогтоосон. Мөн Захиргааны хэргийн шүүх хурлаар түүний албан тушаалыг бууруулсныг "хууль зүйн үндэслэлгүй" гэж үзсэн юм. Тиймээс Э.Амарбатыг "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тавих нь зүйтэй" гэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс гаргасан байна. Э.Амарбатын хашиж байсан Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Гүйцэтгэх албаны ахлах ажилтан байсан А.Эрдэнэбат ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан ч АТГ-ын удирдлагуудыг УИХ-аас томилоогүй байсан учир Э.Амарбат албан тушаалдаа очих боломжгүй байсан юм. Харин одоо тус байгууллагын удирдлагууд томилогдсон учир тушаал буураад байсан Э.Амарбат даргын албан тушаалдаа удахгүй очих нь. Гэхдээ хэзээ түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох нь тодорхойгүй байна. Авлигын эсрэг хуулийн 23.1.4-т Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулахыг АТГ-ын дарга бүрэн эрхийн хүрээнд шийднэ гэж заажээ. Өнгөрсөн 2010 оны долдугаар сард “Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Э.Амарбатыг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулж мөрдөн байцаагч болгож байв. Тухайн үед АТГ-ын удирдлагууд хэлтсүүдийнхээ ажлыг дүгнэхэд Э.Амарбатын удирдаж байсан Мөрдөн шалгах хэлтэс хангалтгүй дүн авсан нь тушаал бууруулах шалтгаан болсон гэж тайлбарлаж байлаа. Гэтэл байдал өөрөөр эргэж тус газрын дарга асан Ч.Сангарагчаа ажилтнаа үндэсэлгүйгээр албан тушаал бууруулах тогтоолд гарын үсэг зурсан болж таарч байна.