
П.Лхамдэгдийн жинд 15 бөх барилдсан бөгөөд манай бөх эхний тойрогт Камеруны бөх Ванесса Мбаллаг цэвэр, улмаар Словенийн Анамари Веленсекийг мөн цэвэр ялж, медалийн болзол хангажээ. Улмаар хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, Европын аваргын хүрэл медальт, Германы бөх Луисе Малзаныг юүкогоор дийлж, аваргын төлөө мөн Германы тамирчин Хайде Уоллертийг цэвэр ялсан байна. Тэрбээр ийнхүү аваргын алтан медалиас гадна чансааны 200 оноо авснаар 938 оноотой болж, чансааны долдугаар байр хүртэл дэвших боломжтой болж байгаа юм.
Мөн өчигдөр Амстердамын татамид хүч үзсэн Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр медалийн төлөөх барилдаанд 2009 оны дэлхийн аварга, Казахстаны бөх Максик Раковт нэмэлт цагт цэвэр ялагдсанаар тавдугаар байрт шалгарав. Мөн энэ жинд барилдсан ОУХМ Б.Тэмүүлэн эхний тойрогт Румыны бөхөд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Түүнчлэн эрэгтэйчүүдийн +100 кг-д Х.Мөнхбаатар эхний тойрогт дэлхийн чансааны 22-т эрэмбэтэй, дэлхийн гурван удаагийн аварга, ОХУ-ын жүдоч Александр Михаилинтай барилдаж, дийлдсэн бол эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал эхний тойрогт Францын Мари Паскег ялсан ч удаахь барилдаандаа Украйны бөх Наталия Смальд ялагдсан байна.