
Энэ аравдугаар сарын хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас урьдын адил хэмжээгээр дизельтүлш нийлүүлсэн бөгөөд үнийн хувьд тонн тутамдаа 70 ам.доллараар нэмэгдсэн байна. Харин ирэх арваннэгдүгээр сард ОХУ хэдий хэрийн дизель түлш нийлүүлж чадах, хэдэн ам.доллараар тонныг нь худалдахаа энэ сарын 25 гэхэд ирүүлчихсэн байх гэнэ. Газрын тосны газрынхны тайлбарлаж буйгаар ОХУ дотооддоо дизель түлшний асуудалтай байгаа ч манай улсад нийлүүлэх шатахууныхаа хэмжээг багасгах талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэнэ. Тиймээс энэ талаар айлтгүй гээд иргэдэд сэтгүүлч та нар буруу ойлголт өгөх хэрэггүй шүү гэдгийг ч анхааруулна лээ. Өнөөдрийн байдлаар манай улс шатахууныхаа хэрэгцээний 60 гаруй хувийг ОХУ “Роснефть”, үлдсэн 30 гаруй хувийг нь Хятад, Казакстанаас оруулж ирж байгаа юм байна.Түүнчлэн транзист тээврээр шатахуун оруулж ирж байгаа гэнэ. Тухайлбал, Омск, Латви, Литвээс өндөр үнээр шатахуун оруулж ирж байгаа учраас саяхан АИ-92 автобензиний үнийг 30 төгрөгөөр нэмсэн гэдгээ Газрын тосны газрынхан үүдээ нээх үеэрээ мэдэгдэнэ лээ. Газрын тосны газрын нээлтэй өдөрлөгт оролцсон иргэд голдуу өвгөд хөгшид харагдсан. Тэд ширээн дээр тавьсан шоколад, чихрийг нь идсэн шигээ “зугаацаж” байна лээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр өгсөн мэдээгээр бол манай улсын дизель түлшний хэрэгцээ сарын 30-40 мянган тонн, нийт шатахуун 50-60 мянган тонн гэнэ.
Өнгөрсөн хавар буюу, тав зургадугаар сард Монгол Улс дизель түлшний хомсдолд орсон. Ганц улсын хараат байхын зовлонг амссан монголчууд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон хэдий ч энэ үйлдвэр ашиглалтад орох хүртэл ОХУ-ын хараат байсаар байх бололтой. Өнгөрсөн хавар нүүрлэсэн дизель түлшний хомсдол инфляцийг дэвэргэх гол хөшүүрэг болсон гэдэгтэй Үндэсний статистикийн хорооныхон ч, Монголбанкныхан ч санал нэгддэг. Ямар сайндаа литр дизель түлшний шагийн үнэ 3000 төгрөгт хүрэх билээ. Тиймээс энэ асуудлыг дэвэргэхгүй байх даалгаврыг Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас холбогдох газруудад өгсөн байна. Харин импортлогчдын зүгээс ОХУ дизель түлшнийхээ экспортыг хумиж эхэлсэн, энэ нь ирэх сарын нийлүүлэлтэд нөлөөлөхгүй бол дотоодын зах зээлд хомсдол үүсэхгүй гэдэг хариултыг өгч байна.
Салбар хариуцсан яам болоод холбогдох газар нь ийнхүү хоёр өөр тайлбарыг тавьсан. Хэрвээ дизель түлшний хомсдол дахин нүүрлэвэл хөхөө өвлийн хүйтэнд хөл “нүцгэн” монголчуудад хөлдөх авул давхар тулгарах нь дамжиггүй биз. Өнөөдрийн байдлаар Монголд зарагдаж буй дизель түлшний үнэ 1750 төгрөг байгаа юм.
