Өтгөн, шингэнээ мөнгө болгоё

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Өтгөн, шингэнээ мөнгө болгоё

Өтгөн, шингэнээ боловсруулаад мөнгө олъё гэвэл ямар сонсогдож байна. Энэ төрлийн бизнес дэлхийн ашигтай бизнесийн нэг болжээ. Манайх шиг ил жорлон ихтэй, тэгсэн атал хүн амын төвлөрөл их, хотжилт ид өрнөж байгаа бүс нутгуудад хөрсний болон гүний бохирдол толгойны өвчин болдог байжээ. Харин энэ асуудлыг мөнгө олох замаар шийдвэрлэх аргыг өнгөрсөн зууны хагасаас бодож олсон аж. Гэвч өнөөдөр бид энэ асуудлаа боломж болгох нь битгий хэл, хэрхэн шийдэх вэ гэдгээ ч бодоогүй л сууна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган ил жорлон байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл хөрс болон гүний усанд хоёр гаруй сая төрлийн нян, бактери байдаг гэгддэг. Мөн сүүлийн үед Улаанбаатар хотын хэмжээнд халдварт шар болон гэдэсний савханцарын тархалт нэмэгдсэн гэсэн харамсалтай мэдээ ч байгаа юм. Харин бид ил жорлонгоо сайжруулахгүйгээр нян устгадаг гэх бодисыг өнгөрөгч зургадугаар сард цацсан. Гэвч мэргэжлийн хүний үгийг сонсвол нянгийн идэвхжил тодорхой мөчлөгийн дагуу явагддаг учраас мянган сайхан бодис цацаад бүрэн устдаггүй аж. Байдал ийм байхад төрөөс ямар нэгэн бодлого боловсруулаагүй өдийг хүрчээ.

Харин Монгол Улсад одоогоос дөрвөн жилийн өмнөөс Австрали улсад төвтэй олон улсын байгууллагаас ил жорлонг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Мөн ШУТИС-ын эрдэм, шинжилгээний баг ил жорлонгийн асуудал дээр нэгдсэн судалгаа хийж байгаа юм байна. “Бид Бээжингийн технологийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилчидтай уулзаж энэ талаар санал солилцсон. Бидэнд үүнийг хэрэгжүүлэх мөнгөний болоод бодлогын бүрэн боломжтойг мэдлээ. Харин төр засгийн зүгээс мөнгийг төсөвлөөд өгвөл үр дүн нь богино хугацаанд мэдэгдэх болно” гэж ШУТИС-ын профессор Д.Басандорж ярьж байсан юм. Мөн өнгөрсөн жил болоод энэ оны эхэнд Энэтхэгийн Мумбайн их сургуулийн эрдэмтэд манай улсад айлчилж өтгөн, шингэнийг боловсруулах технологийн талаар зөвлөмж өгсөн байна.

Ариун цэврийн шаардлага хангаагүй жорлон болон ариун цэврийн асуудлаас болж дэлхийн хэмжээнд жилд дунджаар таван сая хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнх нь Африк тивийн ихэнх болон Энэтхэгийн  иргэд. Одоогийн байдлаар Африкийн орнуудын 70 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүйгээсээ болоод холер, хижиг зэрэг өвчинд нэрвэгдээд байна.

Манайх шиг ил жорлон ихтэй байсан улс орнуудад өтгөн, шингэнийг боловсруулах технологи аль 1970-аад оны сүүлээс нэвтэрч эхэлжээ. Үүний тод жишээ нь Хятад. Хятадын хойд болон өмнөд хэсгийн нутгуудад ил жорлон их, энэ хэрээрээ ч халдварт өвчин болоод хөрсний бохирдол их байж. Тиймээс ил жорлонгийн өтгөн, шингэн хөрс рүүгээ шингэдгийг технологийн аргаар шинэчилсэн байна. Үүнд өтгөн шингэн газарт шууд шингэдэг байсныг болиулж, газраас хагас метрийн өндөрт байрлуулсан тусгай саванд шүүж аваад бордоо хийдэг технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр одоо Хятадын өмнөд хойд хэсгийн энэхүү бордооны бизнесээс ихээхэн мөнгө олж, бүр гадны оронд бордоо экспортолдог болсон байна.

Мөнхүү Энэтхэг улсад ч ийм төрлийн бизнес ид хүчээ авч байна. Арабын ертөнцийн улсууд руу жил бүр Мумбайн бордооны компани бүтээгдэхүүнээ экспортлож улсын төсвийнхөө тодорхой хувийг бүрдүүлдэг болсоор удсан. Харин одоо АНУ-д экспортлох асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцэж байгаа гэсэн. Энэ төрлийн бизнес эрхлээд баяжсан бизнесмэнүүд ч чамгүй олон байдаг бөгөөд Энэтхэгийн шилдэг 50 баяны нэгэнд багтдаг ажээ.

Одоогийн байдлаар иймэрхүү төрлийн бизнесийн судалгааг эрдэмтдийн баг бүрдүүлж хийж байгаа бөгөөд судалгааны явц төгсгөлийн шатандаа орсон байна. “Монгол Улсын хэмжээнд иргэдийн 70 хувь нь боловсон жорлонгүй байна. Одоогийн байдлаар бусад орны технологийг нэвтрүүлэх тал дээр хэлэлцэж байгаа. Дараа жил гэхэд үндэсний хөтөлбөр боловсруулах санаатай байгаа юм” гэж профессор Д.Басандорж ярьж байсан юм.

Бид зөвхөн нэг салбараас хараат болж, Голланд өвчин тусч байна гэж өдөр болгон шахуу шагширч байгаа энэ мөчид өтгөн, шингэнээс ч мөнгө олж болдгийг бусад орны туршлага харуулж байна. Бид яагаад дутах ёстой гэж.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж