”Жирийн иргэдийн амьдралыг Монголбанк хамгаалдаг”

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

”Жирийн иргэдийн амьдралыг Монголбанк хамгаалдаг”

Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Б.Лхагважавтай ярилцлаа.


-Монголбанк Мөнгөний бодлого УИХ-дөргөн барьсан. Зарим ажиглагч төв
банкны мөнгөний хэт хатуу бодлого баримталж байна гэсэн шүүмжлэл гаргаад
байгаа. Тухайлбал Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс өнгөрсөн
аравдугаар сард бодлогын хүүгээ 0,5 пунктээр нэмэгдүүлж, 12,25 хувьд
хүргэсэн нь иргэдэд халтай шийдвэр болчихоод байгаа юм биш үү?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Яг үнэндээ Монголын эгэл  жирийн
иргэд, эмзэг бүлгийнхний амьдралыг хамгаалж байгаа, тэдний талд зогсч
байгаа газар ганцхан Монголбанк л байна шүү дээ. Төв банк эгэл жирийн
иргэдийн амьдралыг хэрхэн хамгаалж байна вэ гэвэл инфляцийн эсрэг тэмцэж
байгаа явдал. Инфляци бол эгэл жирийн иргэдийн амьдралын сүйтгэдэг гол
сүйтгэгч. Хэдийгээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч гэлээ инфляцийн
сөрөг үр дагавар эгэл борчуудад маш хүндээр, маш мэдрэмтгийгээр тусч
байдаг юм. Эдийн засагчид бол инфляцийг эдийн засгийн хорлон сүйтгэгч
гэж үздэг. Учир нь инфляци бол хөрөнгийг ядуугаас нь булааж, баячууд рүү
хуваарилж байдаг үзэгдэл. Тийм ч учраас инфляцийн инерцийг хязгаарлахын
тулд төв банк бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. 
Зөвхөн манай Монголбанк л ийм арга хэмжээ авдаг юм биш. Бүх улсын төв
банк инфляцийн өсөлтийнхөө эсрэг тавьдаг бодлого нь мөнгөний хатуу
бодлого байдаг юм.  Төв банкнаас Засгийн газарт нэг анхааруулгыг байнга
өгдөг. Бэлэн мөнгө тарааснаар ядуурал буурахгүй. Харин ч инфляцийг
хөөрөгдөж, ядуурлыг улам нэмэгдүүлж болзошгүй юм шүү гэдгийг сануулдаг. 
Монгол Улс иргэддээ Эх орны хишиг тарааж эхлээд багагүй хугацаа
өнгөрлөө. Гэтэл ядуурал буурсангүй. Харамсалтай нь, Эх орны хишиг
тараахаас өмнө ядуурал 33 хувьтай байсан бол өнөөдөр 39 хувь гараад
бараг 40 хувь хүрчихлээ. Бидний эмзэглээд  байгаа нэг асуудал нь дундаж
давхрагад багтаж байсан хүмүүсээс  долоон хувь нь ядуусын эгнээнд
шилжчихжээ.  Улстөрчдийн сайн хүн болох гээд тараасан бэлэн мөнгө нь
инфляцийг дэвэргээд, инфляци дэврээд эхлэхээр тогтмол орлоготой байсан
дундаж давхрагынхан сугараад, сугараад л доошоо унаж байна.  Инфляцийн
энэхүү хэт дэврэлтээс болоод Монголын хүн ам хэт баян, хэт ядуу гэсэн
хоёр бүлэгт хуваагдах аюул нүүрлээд байна. Энэ нь эдийн засагт нүүрлэж
буй “SOS” мөн үү гэвэл мөн.  Дундаж давхрагынхан байхгүй, нэг талд цөөн
тооны баян, нөгөө талд массын ядуурал.  Ийм байдалд орох нөхцөлд
бүрдчихээд байхад инфляцийг жаахан л хөөрөгдөх буруу бодлого хэрэгжүүлэх
юм бол  эдийн засагт гамшиг нүүрлэх нь дамжиггүй.

-Ирэх оны төсвийн тэлэлт инфляцийг хүссэн хүсээгүй хөөрөгдөнө гэж танай төвбанкнаас мэдэгдээд байгаа шүү дээ?

-Монгол Улс Латин Америкийн замналыг давтах гээд байна шүү гэдгийг бид
улстөрчдөд байнга сануулдаг.  Монголын эдийн засгийн өсөлт оны сүүлээр
гэхэд 20 хувьд хүрнэ гээд л байна. Энэ өсөлт иргэдийн амьдралд хүрсэн
үү, инфляци тогтворжсон үү, эдийн засгийн сөрөг үзэгдлүүд багассан уу
гэвэл үгүй. Нэг л өндөр өсөлт. Харамсалтай нь, энэ өсөлтийн чанар нь “О”
заачихсан. Ядуурал нэмэгдсэн, ажилгүйдэл буурсангүй, хүн амын
амьжиргааны төвшин буурсан, үнийн өсөлт бүх л бараа бүтээгдэхүүнд
харагдах болсон гээд эдийн засгийн өсөлтийг яагаад чанаргүй гээд
байгаагаа олон шалтгаанаар тайлбарлаж болно.  Ирэх оны эхээр инфляци хоёр оронтой тоо давж болзошгүй байна гэдгийг төсвийн төслийг УИХ-д
өргөн барихтай холбоотойгоор бид анхааруулж эхэлсэн. Төсвийг танах
хэрэгтэй гэдгийг сануулсаар л байгаа. Алдагдал, зарлага нь өнгөрсөн
оныхоос хоёр дахин их энэ төсвийг хэрвээ танахгүй юм бол Монголбанк
инфляцийг нэг оронтой тоон дээр барьж чадахгүй. Инфляци өнгөрсөн 2008
онд 30 хувьд хүрч байсан. Тэр түүхийг давтахгүйн тулд л төв банк
бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй байгаа. Сэтгүүлчид Монголбанк
бодлогын хүүгээ нэмснээр эмзэг бүлгийнхэнд, энгийн иргэдэд илүү халтай
байна гээд л шүүмжилж байгаа. Яагаад бодлогын хүүг нэмэхээр борчуудад
халтай гэж. Харин ч борчуудыг инфляцийг дэврэлтээс хамгаалахын тулд л
ийм арга хэмжээ аваад байгаа юм.

-Бодлогын хүүг нэмснээр банкууд зээлээ хумиж эхэлдэг. Жижиг, дунд
үйлдвэрүүд зээлээ авч чадахгүйд хүрдэг. Аж ахуйн нэгжүүд зээлийн өндөр
хүүнд дарлуулдаг. Эргээд түүнийгээ бүтээгдэхүүнийхээ үнэд шингээдэг. Тэр
нь иргэдэд дарамт болдог…?

-Хатуу мөнгөний бодлогын эцсийн зорилго бол зээлийг хумих. Ингэснээр
эдийн засаг дахь эрэлтийг багасгаж, эрэлтийг багасгаснаар инфляцийг
барих зорилготой.  Өнөөдөр төв банкны  чадах зүйл бол эрэлтийг багасгах л
болчихоод байна. Хүмүүсийн хэлдгээр Монголбанк бодлогын хүүгээ
нэмснээр зээл хумигдлаа гэвэл хүлээн зөвшөөрөхөд бэрх. Зээлийн урсгал
жилийн 50 гаруй хувьтай байгаа шүү дээ. Макро эдийн засгийнхаа
тогтвортой байдлыг хангах, дундаж давхрагынхнаа хангахын тулд зарим нэг
жижиг аж ахуйн нэгжид хүндрэл тулгарах л байх. Бүгдэд таалагдсан бодлого
явуулахад хэцүү. Аль ч улсын төв банкнаас гаргасан шийдвэр бүгдэд
таалагдана гэж байдаггүй. Тэгээд ч бодлогын хүүг Монголбанкнаас нэмэхэд
арилжааны банкуудад үүний илрэл нь тав зургаан сарын дараа л мэдэгддэг.
Гэтэл төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ нэмсэн, арилжааны банкууд ч
зээлийн хүүгээ өсгөсөн. Тэд өөрсдөө хэт задгай зээл олгож болохгүй,
зээлээ хумих хэрэгтэй юм байна гэдгийг л соргогоор мэдрээд  зээлээ хумиж
байгаа байх. 2008 онд яалаа. Зарим арилжааны банкууд дүрмийн сангаасаа
зээл олгосон, хэдхэн хүнд бөөнөөр нь зээл гаргачихаад л асуудалд орсон
шүү дээ. Анод банкны Н.Даваа гэхэд л яахаа мэдэхгүй, манайхаар
эргэлдээдл сандарчихсан гүйж явсан худлаа биш. Ийм байдалд орохгүйн тулд
арилжааны банкууд арга хэмжээ авч байгааг буруутгах хэрэггүй.

-Эдийн засгийн өсөлт чанаргүй байна гэж та дээр дурдсан. Үнэхээр
манай Засгийн газар тооны хойноос хөөцөлдөөд чанарыг нь орхигдуулаад
байна уу гэж  бодогддог. Ядуурал, ажилгүйдэл байсаар л байна. Энэ эдийн
засгийн өсөлт тэгээд хэнд, хаана наалдаад байгаа юм бэ?

 -Засгийн газар тооны араас хөөцөлдөөд байна гэдэгтэй санал нэг байна.
Өнөөдөр монголчуудад эдийн засгийн өсөлт хэд байх нь чухал биш. Харин
хэн ажилтай болсон, хэн хэдэн төгрөгийн цалин авдаг болсон, хэний
амьдрал сайжирсан гэдэг л чухал юм. Дэлхийн улс орнууд эдийн засгийн
өсөлт гэж ярихаасаа илүү хүний хөгжлийг ярьдаг болсон байна лээ. Эдийн
засгийн өсөлтөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлэх орны тоонд багтаж
байгаа. Тэгвэл энэ өсөлт энгийн иргэдэд наалдаад, Р.Раш гишүүний
хэлснээр арьс маханд мэдрэгдээд байна уу гэдэг  сонин байгаа юм.  Үүнийг
ярихаар л Латин Америк, Зүүн өмнөд Азийн  жишээг татмаар санагддаг. 
Дээрх орнуудын эдийн засаг 30 жилийн турш өсөлттэй явсан. Гэтэл Зүүн
өмнөд Азийнхны амьдрал өнөөдөр ямар болсныг хар. Бүгд хувьдаа орон
сууцтай, машинтай болсон. Гэтэл Латин Америкийн орнууд нь өнөөдөр яг л
30 жилийн өмнөх шигээ ядуу байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт
ард түмэндээ наалдахгүй байна гэдэг нийгмийн бодлого нь буруу байна
гэсэн үг.  Цаашлаад татварын бодлого  ч буруу  байж магадгүй. Татвараар
дамжуулж нийгмийн асуудлыг цэвэрлэх гэсэн биш магадгүй улам хурцатгасан
бодлого яваад байгаа болохоор л эдийн засгийн өсөлт иргэдийн арьс маханд
мэдрэгдэхгүй байна гэсэн үг. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам зөвхөн
Эх орны хишиг гээчийг л иргэдэд тарааж, инфляци өсөх эсэх нь хамаагүй
гэсэн байр суурьтай байгаа бол  нийгмээ хамгаалах бус, нийгмээ хямраах
гэсэн бодлого хэрэгжүүлж байна гэхээс өөрөөр яаж дүгнэх билээ. 

-УИХ-аас инфляцийг нэг оронтой тоон дээр барь гэсэн үүрэг өгдөг. Төвбанк
оны эцсээр барьж чадсангүй ээ, уучлаарай гээд л сууж байдаг шүү дээ.
Ирэх онд инфляцийг хэдэн хувьд барихаар төлөвлөж байна, Монголбанк?

– Энэ оны эцсээр инфляци 13 хувьтай гарах болов уу гэж бодож байна.
УИХ-аас  аймаар үрэлгэн төсөв баталчихаад, үүнээс нь болж хөөрөгдөх
инфляцийг  нэг оронтой тоон дээр барь гэдэг. Төв банк тэдний үүрэг
даалгаврыг биелүүлэх гэж махийтлаа зүтгэдэг. Ер нь манайх шиг хэдхэн
тооны нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолдог улс орны хувьд инфляци
уг нь 4-5 хувьтай байх ёстой юм. Тэгэхээр 13 хувь гэдэг маш өндөр өсөлт
байгаа биз. Манайхан нэг юмыг ойлгодоггүй, үнийн тогтвортой байдал,
инфляци хоёроо холиод байдаг. Хоёр өөр зүйл шүү дээ.  Үнийн тогтвортой
байдал ньэдийн засагт хэрэгтэй өсөлт.  Эдийн засгаа аваад явдаг,
урагшуулдаг өсөлт.  Үнийн  тогтвортой байдал алдагдахаар инфляци болдог.
Манайх бол байнгын инфляцийн өсөлттэй гарч байгаа. Тэгэхээр  хүмүүсийн
хүлээлт өөр болчихдог. Хүмүүс ирэх онд инфляци буурна гэдэгт итгэхээ
байчихдаг. Ирэх жил инфляци буурна гэдэг ойлголтыг иргэдийн хүлээлтэд
суулгахын тулд  дөрөв таван жилийн өмнөөс л инфляцийг маш бага төвшинд
барих хэрэгтэй байдаг. Үүний дараа иргэд ирэх жил инфляци өсөхгүй гэж
Монголбанк хэлсэн гэдэгт итгэдэг болдог юм. Бид улирал болгон инфляци
ямар байх вэ гэдэг урьдчилсан тооцоо гаргадаг. Ирэх оны алдагдал,
зарлага нь хоёр дахин өссөн төсвийг батлах юм бол инфляци ирэх онд17-27
хувьд, бүр муугаар бодох юм бол 30 хувьд хүрч болзошгүй гэсэн хар
бараан  дүр зураг гарч ирж байна л дээ. Энэ бол аймаар өсөлт. Тэгэхээр 
ирэх оны төсөв инфляцид нөлөөлөх үү гэсэн асуулт байхгүй. Нөлөөлөх
ньтодорхой.  Монголбанкнаас улстөрчдөд хэлж байгаа нэг зүйл нь энэ
төсвийг танахгүй юм бол инфляцийг яагаад ч нэг оронтой тоон дээр барьж
чадахгүй шүү гэж л үнэнээ хэлж байгаа.  Ийм  төсөв батлана гэдэг эдийн
засагчдын  үзэж буйгаар бол “амиа хорлолт” л гэсэн үг. Улстөрчдөд “Бид
өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй нь ээ, эдийн засаг сүйрэх
гээд байна” гэх эр зориг л хэрэгтэй байна.

-Барилгын салбарт ирэх жил дампуурал нүүрлэж магадгүй гэсэн яриа байна.
Ийм байдал ажиглагдаж байна уу. Өөрөөр хэлбэл, 2008 оны гашуун зовлон
барилгын салбарт давтагдах магадлал өндөр байгаа юм биш үү. Өнөөдөр
арилжааны банкууд тодорхой хэмжээгээр зээлийнхээ хүүг хумьчихлаа шүү
дээ?

-Манай барилгын салбарт хэт халалт байна. Эдийн засагчид үүнийг хөөс гэж
харж байна лээ. Энэ хөөс хагарах юм бол хямрал нүүрлэх нь тодорхой. 
Барилгын сектор дээр 2008 оны хямрал давтагдах юм биш байгаа гэсэн
болгоомжлол ч байна.  Нэг салбарт “шок” үүсэхэд л арилжааны банкуудад
нөлөөлөх магадлал өндөр болохоор банкууд ч үүнийг анхаарч эхлээд байх
шиг байна. 

-Тэгвэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гаргах зургаан хувийн хүүтэй зээл ч худлаа болно гэсэн үг үү?

-Засгийн газар  баахан байшин бариад бага, дунд орлоготой иргэдийг орон
сууцтай болгох юм ярьдаг. Энэ хэцүү л дээ. Уг нь бол байр барьж өгөх нь
Засгийн газрын үүрэг биш. Засгийн газар иргэдийнхээ орлогыг л нэмэхэд
анхаарах хэрэгтэй. Тогтмол, орлоготой, орлого нь сайн иргэд өөрсдөө
байртай болчихно, Засгийн газрыг байр бариад өгөхийг хүлээлтгүйгээр шүү
дээ. Монголчууд эрэлт, хэрэгцээ гэдгийг ялгаатай ойлголт гэдгийг
мэддэггүй. Орон сууцны хэрэгцээ Монголд асар их байна. Харин эрэлт бага
байна шүү дээ. Мөнгөө төлөөд байр аваад байгаа иргэд хаана байгаа юм бэ.
Эрэлт гэдэг маань төлбөрийн чадвартай хэрэгцээг хэлдэг.  Зарим хүн
хэлдэг л дээ, барилгын салбарт сохроор хөрөнгө оруулалт хийчих, тэгвэл
иргэд  байртай болно гэдэг. Тогтмол орлогогүй иргэд байртай болоод ч
нэмэргүй шүү дээ. Ернь барилгын салбарт төр оролцоод, бид байр барина,
барьсан байраа зарна гээд гүйгээд байх утгагүй юм. Энэ чинь зах зээлийн
гажуудал үүсгээд байна. Аливаа бизнес эрхэлж байгаа хүн эрсдлээ тооцох
ёстой. Тооцоогүйгээсээ болсон эрсдлээ өөрсдөө үүрэх хэрэгтэй. Энэ нь тэдний хариуцлагатай холбоотой юм. Тэгэхгүйгээр нэг нөхрийн алдааг төр
арилгах гээд л төсвийн мөнгийг зарцуулах хэрэггүй л гэж боддог.  Зах
зээл гэдэг хэн сэргэлэн мэдрэмжтэй ажиллана тэр ашгаа хийдэг. Харин хэн
мэдрэмжгүй хандана тэр шийтгэлээ амсах ёстой. Энэ бол зах зээлийн хууль.
Гэтэл манай төр бүгдийг аврах гээд л гүйгээд байдаг. Болж байгаа ч юм
алга байдаг. Энэ зангаасаа л төр татгалзчих ёстой л доо.

-Ирэх 2013 онд Төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгжээд эхлэхээр эдийн засаг тогтворжих болов уу?

-Ээ мэдэхгүй. Юмыг томсгох амархан. Суначихсан ходоодыг буцааж агшаах
амаргүй. Манайхан их л сайхан юм яриад байна л ээ. 2013 онд гэхэд төсөв
хумигдаадл сайхан болно гэж. Ийм их тэлэлттэй явсан төсөв агшаад ирэхээр
эдийн засагт  ямар хохирол учрах вэ гэдгийг бодолцох ёстой. Өдөрт гурав
хоол иддэг хүн гэнэт нэг удаа хооллоод эхэлбэл өлсөнө дөө. Өлссөн
хүнээс ажлын үр бүтээмж гарах уу. Үүн шиг л явдал гарахгүй байгаасай гэж
найдаж байна. Ернь бол 2012, 2013 онд Монголын эдийн засаг маш хүнд
давааг туулах болов уу.

Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж