Нэг тэрбумын зардалтай эсэргүүцэл

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Нэг тэрбумын зардалтай эсэргүүцэл

Грекийн төсвийн алдагдал нэг тэрбум еврогоор нэг сарын дотор нэмэгдэн 20,1 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэв. Энэхүү алдагдлыг ажил хаялт болсноос татварын буурсан гэж тайлбарлаж байна. “Грек өрийн хэмжээгээ бууруулах үүргээ биелүүлэх чадваргүй гэдгээ харуулж байгаа учир евро бүсэд байх хугацаа нь улам буурлаа” гэж шинжээчид дүгнэж байна.

Грек төсвийн алдагдлаа бууруулахаар ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа  амжилт олохгүй байна. Энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл төсвийн цоорхой нь 20,1 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 11 хувьтай тэнцэхээр болсон байна. Алдагдлын хэмжээ нь 20,4 тэрбум евро болно гэж өмнө таамаглаж байсан хэмжээнд байна гэж эрх баригчид нь тайвшрууллаа.

Гэхдээ жилийн өмнө тус улсын төсвийн алдагдал нь 18,1 тэрбум еврогоос хэтрээгүй байсан бол өнгөрсөн есдүгээр сард 19,16 тэрбум болсон. Өөрөөр хэлбэл нэг сарын дотор алдагдал нэг тэрбумаар нэмэгдсэн байна. Төсвийн орлого нь жилийн эхнээс 4,1 хувиар буурсан нь эхний есөн сарын 4,2 хувиас арай доогуур байна. Эдийн засгийн зогсонги бай­дал үүнд нөлөөлжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт 5,5 хувиар унаад бай­гаа юм. 2011 оны есдүгээр сарын 1-нээс Грек ресторануудын татварыг 23 хувиар нэмсэн бөгөөд орлогын 5 хувийн татварыг нэг удаагаар хурааж эхэлсэн байна.

Гэхдээ ийнхүү татвар нэмсэн нь сан хөмрөгт орж ирэх мөнгийг нэмэгдүүлсэнгүй.  Татварын албаныхан ч оролцсон бүх нийтийн ажил хаялт төсвийн орлогыг багасгав. Энэхүү эсэр­гүүцлийн улмаас учирсан хохирлын хэмжээг 1,1 тэрбум гэж Сангийн яам­наас үнэлжээ. Үүний хажуугаар тус ор­ны төсвийн зарлага 5,7 хувиар буюу 3,1 тэрбум еврогоор нэмэгдсэн байна. Өрийн үйлчилгээний зардлыг 19,5 хувь буюу 15,2 тэрбум евро болгожээ. Ашгийн уналт ойрын хоёр сардаа үргэлжилнэ гэж Сангийн яам мэдэгджээ. Ерөнхий сайд Лукас Папа­димос төсвийн алдагдлыг жилийн эцэс гэхэд есөн хувь болгохоор амлав.

Алдагдлыг санхүүжүүлэхэд Евро­пын засаг захиргаа ба Олон улсын валютын сангийн оруулж буй зээлийг ашиг­лаж байна. Гэтэл Грекийн өөрийн өрийн хэмжээ нь 360 тэрбум евро­ноос даваад байгаа бөгөөд 206 тэрбумын хувь хөрөнгө оруулагчдаас орж ирсэн мөнгийг эрх баригчид хэсэгчлэн дарахаар зүтгэж байна. Өнгөрсөн лхагва гаригт Афин хотноо IIF (Олон улсын санхүүгийн институт) байгууллагатай хэлэлцээр хийж эхлээд байна. IIF-т голчлон Грекийн өрийг атгадаг хувийн томоохон хөрөнгө оруулагчид голчилсон банкууд багтдаг. Грекийн Засгийн газар тэдэнд өрийн тогтоогдсон үнэ нь 100-103 тэрбум еврогоор хасагдах шинэ үнэт цаасыг хуучнаар солих санал тавьж байна. Дараалаад Грекийн шинэ саналын дагуу Европын холбооны дэмжсэн шинэ арга хэмжээний мөнгөнөөс 30 тэрбум еврог бэлэн мөнгөөр төлбөр болгон өгөх юм байна. Мөн 70 тэрбум еврогоор нь жилийн ашиг нь 5,5-8 хувьтай байх шинэ үнэт цаасыг гаргах ажээ.
Грекийн өрийн асуудал шийдэг­дэхгүй удах нь бусад орнуудын санхүү­гийн байдлыг улам хүндрүүлж байгаа. Олон улсын чансааны агентлаг Fitch өнгөрсөн лхагва гаригт сануулахдаа АНУ-ын банкууд “ноцтой эрсдэлд” орж магадгүй гэсэн байв. Грек, Ирланд, Итали, Португали, Испани (GIIPS) зэрэг орнуудтай холбоотой асуудал нь Америкийн “JPMorgan”, “Chase”, “Bank of America”, “Citigroup”, “Wells Fargo,” “Goldman Sachs Group”, “Morgan Stanley” мэтийн зургаан том банкинд 50 тэрбум ам.долларын хохирол учруулж магадгүй гэж тус агентлаг өгүүлжээ. Францтай холбоотой эрсдлийн хөрөнгө 118 тэрбум ам.доллар болсны 114  тэрбум нь банкуудад ноогдож байна.

Америкийн хувьцааны зах зээл эдгээр мэдээний дараа хасах үзүүлэлт харуулав. Индекс Dow Jones 1,6 хувь унан 12 000 пунктыг заалаа. Индекс S&P 1,7 хувь унаснаас банкны салбарын KBW Bank Index 1,9 хувиар унасан байна. Грек Евро бүсэд үлдэх үү гэх бүх нийтийн санал асуулга унасан ч гэсэн тэнд байх Грекийн өдрүүд тоотой боллоо хэмээн “The Washington Post” сонинд тэмдэглэжээ.

Еврогийн бүсэд шилжсэн Грек эргээд үндэсний валют драхдмаа буцан орох нь шилдэг хувилбар байж болно гэж Мериленд мужийн их сургуулийн профессор Питер Моричи үзэж байна. “Грек өөртөө хэт их үүрэг хүлээн 10 жилийн дотор зарлагаа бууруулах хатуу арга хэмжээнд орж байна. Гэхдээ энэ нь тэр болгон үйлчлэхгүй” хэмээн тэрээр хэлэв. Грек буцаад үндэсний валют драхмаа эргүүлэн хэрэглэж эхэлбэл импортын бүх барааны үнэ өсөх зэрэг анхан шатны асуудал гарч ирнэ. Дараа нь харин Грек өөртөө таарсан эдийн засгийн бодлого явуулах боломжтой  болох юм. Грекийн орлогын гол эх сурвалж жуулчлалын салбар хямдхан амралтын газар болж хөрөнгийн урс­галыг авчирна гэж Моричи ярьж байна.

Банкууд Европ дахь алдагдлаа тоолж байна

Америкийн томоохон банкууд Европын өрийн хямралын улмаас тэдний амсч байгаа хохирол 72 тэрбум ам.доллар хүрч магадгүйг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мэдээллийг нийтэд зарлаж байгаа нь үүнээс илүү муу зүйл болж магадгүй гэсэн айдастай байгаа зах зээлийг тайвшруулах зорилготой бололтой. Европын бие даасан өр нь банкуудын портфельд 2008 оны хямралын өмнөх үл хөдлөх хөрөнгийн үнэт цаас шиг үүрэгтэй болж байна. Гэхдээ хөрөнгө оруулагч нар энэхүү тайланд итгэх итгэлээр бага байна.

Европын өрийн хямралтай холбоотой болгоомжлол нь дэлхийн банкууд ба санхүүгийн корпорациудад Европын эрсдлийнхээ талаар мэдээллийг нээхээс өөр аргагүй байдлыг тулгаж байгаа. Америкийн банкууд гуравдугаар улирлынхаа тайланд анх удаагаа евро бүсийн орон тус бүрээр нь тодорхой мэдээллээ гаргажээ хэмээн “ The Wall Street Journal”  бичиж байна.

Евро бүсийн үнэт цаас ба зээлээр хамгийн их асуудалтай Грек, Ирланд, Португали, Испани, Итали орнуудад АНУ-ын таван том банкны эрсдлийн нийт хэмжээ нь 72 тэрбум ам.доллар болох магадлалтай байна. Үүнд хөрөнгө оруулалтын JP Morgan Chase банк тэргүүлж байгаа бөгөөд тэдгээр орнуудын асуудал нэмэгдэх нөхцөлд алдагдал нь 27,3 тэрбумаар яригдах болно. “Citi” $20,6 тэрбумаар, “Bank of America” $14,6 тэрбумаар, “Morgan Stanley” $5,7 тэрбумаар, “Goldman Sachs” $4,2 тэрбумаар тус тус хохирч магадгүй байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж