Монголын хоёр оюутан хар тамхины хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Монголын хоёр оюутан хар тамхины хэрэгт холбогджээ

Сүүлийн үед хилийн чанадад Монгол Улсын иргэд хууль бусаар хар тамхи болон мансууруулах төрлийн бодис биедээ авч явах, худалдах, хил давуулахыг завдсан хэрэгт холбогдох нь ихэссэн. Хамгийн сүүлд гэхэд Польш улсад амарч байсан дипломат ажилтай А.Батсайхан хууль бус тамхины хэргээр гурван сар саатуулагдахаар болсон. Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж, Женевийн Элчин сайд асан АНУ-д суугаа  Х.Бэхбат  зэрэг олон хүмүүс хар тамхины хэрэгт нэр холбогдож байсан удаатай. Харин өнгөрсөн долоо хоногт урд хөршид манай улсын хоёр оюутан биедээ их хэмжээний мансууруулах төрлийн бодис авч яваад баригдсан талаар мэдээлэл Гадаад харилцааны яаманд ирсэн байна. Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа этгээдүүдийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас  тодрууллаа.

-Манай улсын дипломат ажил­тан Польш улсад баригдсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан ээлжийн амралтаараа Польш улсад явж байхдаа тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан. Москва дахь ЭСЯ-ы ажилтан А.Батсайханыг Польшийн Прокурорын байгуул­лагын шийдвэрээр гурван сарын хуга­цаатайгаар саатуулсан байгаа. Манай улсын Москва дахь элчин сайдын яамнаас  Польш улсын Хилийн цэргийн алба, Люблин дэх про­курорын газар уулзалт хийсэн байсан. Уулзалтаар хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлэн ажиллахаа прокурорын газраас мэдэгдсэн аж. Мөн Польшийн тал манай ЭСЯ-ны консулын хэлтэст ноот бичиг ирүүлсэн байсан. Энэ  ноот бичигт  “Польшийн Эрүүгийн байцаан шийт­гэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1,2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авав” гэсэн бичиг ирүүл­сэн. Дипломат ажилтан А.Батсай­ханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. Энэ хэрэгт зөвхөн сэжигтнээр татан шалгаж байгаа.

-Тэгэхээр А.Батсайхан нь сая Польш улсад амарч байхдаа хууль бус тамхи зөөвөрлөөгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Зөвхөн 2004-2007 онд ажиллаж байхдаа хууль бусаар хар тамхи зөөвөрлөж байсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Тухайн үед манай улсын хэд хэдэн иргэн хууль бус тамхи зөөвөрлөсөн гэж саатуулагдан шалгагдаж байсан юм. Манай улсын 10 гаруй иргэн Польш улсад хууль бус тамхины хэргээр шалгагдаж, саатуулагдаж байсан. А.Батсайханыг ч гэсэн тухайн үеийн хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэсэн тайлбарыг бидэнд болон Москва дахь Элчин сайдын яамныханд мэдэгдсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр Прокурорын байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлнэ байх гэсэн.

-А.Батсайхан нь энд байхдаа ямар албан тушаал эрхэлж байсан юм бэ?

-Гадаад харилцааны яамны Бод­лого төлөвлөлтийн газар ажиллаж бай­гаад Төрийн ёслолын албанд ор­сон байгаа юм. 2003-2007 онд Монгол Улсаас Польшид суух Элчин сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байгаад Москвагийн ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дар­гаар томилогдон ажиллаж байсан. Олон жил ажиллаж байгаа ажилтан байгаа юм.

-Мөн урд хөршид хоёр монгол оюутан хар тамхины хэргээр саатуулагдсан гэсэн?

-БНХАУ-д Монгол Улсын хоёр оюутан хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан талаар тус улсаас манайд мэдэгдсэн. Оюутнууд 500 граммаас дээш хэмжээний хар тамхи буюу мансууруулах бодис  зөөвөрлөж яваад баригдсан байна. Энэ хоёр оюутныг саатуулан хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар БНХАУ-аас албан ёсоор мэдээлсэн. Энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боложгүй байна. Тэгээд ч тухайн улсаас бидэнд олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн юм. Одоогоор оюутнуудын талаар ч гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-БНХАУ-д хэр хэмжээний бодис биедээ авч явбал цаазын ял оноодог юм бол?

-БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээний алт зөөвөрлөсөн, биедээ авч явсан тохиолдолд цаазаар авах ял оноодог юм байна лээ.  Манай улсын хоёр оюутан  хар тамхи зөөвөрлөж явсан эсвэл  зарж борлуулах гэж байсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа.

-Урд хөршид манай улсын хэ­дэн иргэн хар тамхи болон ман­сууруулах бодисын хэрэгт хол­богдоод байна вэ?

-БНХАУ-д хар тамхи, мансуу­руулах бодисны хэрэгт  манай улсын 10 гаруй иргэн холбогдсон байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж