“Фольксвагены борлуулалт зургаа дахин өссөн”

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Фольксвагены борлуулалт зургаа дахин өссөн”

Автомашин гангараа биш хэрэглээ болсон энэ үед автомашин тойрсон яриа хэн бүхний сонирхлыг татдаг. Тиймээс энэ удаагийнхаа зочноор германы Volkswagen корпорацийн албан ёсны дистрибьютор Таван Богд Моторс ХХК-ийн борлуулалтын албаны дарга М.Энхбаттай хийсэн ярилцлагаа хүргэж байна.


-Хэрэглэгчид бүгд л хамгийн сайн машин худалдан авахыг хүсдэг. Таны бодлоор сайн машин гэж ямар машиныг хэлэх вэ?

-Миний хувьд “ШИНЭ” автомашиныг хамгийн сайн машин гэж үздэг. Энэ нь манай орны өнөөгийн автомашины хэрэглээний байдалтай уялдаж гарсан үг. Хэрэглэгчид шинэ эсвэл он залуутай автомашин худалдан авснаар худалдан авалтын дараа засвар үйлчилгээнд төдий л цаг, мөнгө зарцуулахгүй, мөн аюулгүй байдлын хувьд баталгаатай гэж үзэх хандлага нэмэгдсэн нь ажиглагддаг. Яг үнэндээ авто засварын төвүүдээр ихэнхдээ хуучин автомашинтай хүмүүс л үйлчлүүлдэг гэж хэлж болно. Хувь хүмүүс ийм зардал гаргаж байгаагаа тооцдоггүй юмаа гэхэд хотын агаарын бохирдолтод хуучин автомашинаас ялгаруулдаг хорт утаа онцгой нөлөөлдгийг бүгд мэдэж байгаа. Дам утгаараа шинэ автомашин худалдан авсан хэн боловч өөрсдийн болон үр хүүхдийнхээ амьдрах орчинд бага ч болов хөрөнгө оруулалт хийж байна  гэсэн үг. 

-Хүмүүс шинэ автомашин авахыг хүсдэг ч санхүүгийн боломж, тухайн үеийн худалдан авах чадвараасаа хамаараад хуучин автомашин сонгодог байх. Энэ тохиолдолд тэднийг буруутгах аргагүй юм шиг.

-Манайхан шинэ автомашин үнэтэй гэж шууд ойлгодог учраас автомашин шинээр оруулж ирдэг албан ёсны дистрибьютор компаниудаар орж үзэлгүйгээр шууд хувь хүнээс эсвэл хувиараа гадагшаа хэн нэгэнлүү захиалах явдал элбэг байдаг. Энэ нь эргээд татвар, тээвэрлэлт зэргээ оруулаад үнийн хувьд бараг ялгаагүй болдог. Мөн хэрэглэгч сэтгэл зүй болоод, эд материалын маш том эрсдлийг өөрөө үүрэх хэрэгтэй болдог. Учир нь хувь хүнээр дамжин орж ирсэн авто машинд  баталгаа өгдөггүйгээс гадна манай орны стандартад нийцээгүй байдгаас эвдрэл, гэмтэл богино хугацаанд гарах нь элбэг байдаг.  Нэг үеэ бодвол залууст банкны зээлээр шинэ автомашин, байр авах боломж бүрдэж байна. Өөрт хэрэгтэй, өөрийн сонирхдог,  өөрийнх нь илэрхийлэл болсон зүйлээ авахад лизингийн үйлчилгээ хэрэгтэй гэж үзэх хүмүүс олон болсон. Энэ нь нэг удаа их хэмжээний мөнгө гаргахгүй, мөнгөнийхөө эргэлтийг багасгахгүйгээр бизнесээ эрхлэн явуулахад тустай. Өргүй бол баян гэдэг үг энэ цаг үед зохицохгүй юм шиг. Зээл авсан хүн цаг хугацааг зүгээр сууж дэмий өнгөрөөхгүй, зээлээ төлөхийн тулд илүү их хөдөлмөрлөж, мөнгөний, хөдөлмөрийн үнэ цэнийг илүү их мэдэрдэг гэж боддог. Тиймээс манай компани автомашины лизингийн зээлийн үйлчилгээг арилжааны томоохон банкуудтай хамтрахаас гадна өөрийн компаний лизинг ч санал болгож байгаа. 


-Автомашиныг сайн, муу гэх ойлголт ямар нөхцөлд, ямар хэрэгцээнд зориулсанаас нь ихээхэн хамаардаг ч, автомашины чанарыг хэдэн гол үзүүлэлтээр хэмжиж болдог байх.  Та тэр талаар тодруулна уу.

-Хүмүүс автомашин худалдан авахдаа нэн тэргүүнд аюулгүй байдлыг нь харах ёстой гэж боддог. Энэ мэдээж хамгийн  гол үзүүлэлт. Нэг үе  бид “орос ах” нарын цагт 90 км/цаг-с илүү хурдалдаггүй автомашиныг унадаг байсан бол техник, технологи өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа цаг үеээ дагаад  улам хүчтэй, хурдтай автомашин хэрэглэхийн хамт автомашины аюулгүй байдлыг илүү чухалчилж үзэх шаардлага үүссэн. Харин дараа нь тав тух, эдэлгээ, өнгө үзэмж, шатахуун зарцуулалтыг нь харна. Мөн байгаль, экологид үзүүлж буй хор нөлөө, ялгаруулж буй хорт утааны хэмжээг ч анхаарах цаг үе ирж байна.

-“Volkswagen’’ маркийн автомашиныг манайхан мэддэг, унах дуртай унаа нь болж чаджээ. Хэрэв нууц биш бол борлуулалт хэр байна?

-Volkswagen группийн хувьд 2011 эхний хагас жилийн байдлаар борлуулалтаараа дэлхийд тэргүүлж эхлээд байна.  Тэр дундаас Европд Volkswagen Golf, POLO, Passat  загварууд  хамгийн их борлуулалттай авто машинаар өнөөг хүртэл шалгарсаар байгаа. Мөн Америкт ч шинэ загварын Jetta алдарт Beatle загвар маш сайн амжилттай яваа. Манай байгууллагын хувьд ч мөн адил борлуулалт маш хурдацтай өсч, 2011 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалт  6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хэрэглэгчид Герман автомашиныг тэр дундаа Volkswagen-ыг маш ихээр сонирхож байгаа нь манай борлуулалтын өсөлтөөс ч тэр, гадны орнуудаас хувь хүмүүс маш ихээр оруулж ирж байгаагаас харж болно.



-Volkswagen гэж яг юу гэсэн утгатай үг юм бэ?

-Volkswagen буюу Volk-ард түмэн, Wagen-машин, тэрэг гэсэн хоёр үг буюу  “Ард түмний унаа” хэмээх брэнд нэр юм. Чанартай бас бүх хүмүүст хүртээмжтэй, худалдан авч болохуйц унааг бий болгох санаанаас үүдэлтэй. Хэт өндөр үнэтэй зөвхөн цөөн тооны том баячууд л худалдан авдаг автомашин хэмээх тансаг хэрэглээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын тулд 1940-өөд оны үед буюу дэлхийн 2-р дайны үед Германы засгийн газар хүч чармайлт гаргаж байсны нэг илрэл нь энэхүү үйлдвэрийг байгуулсан явдал.

Volkswagen-ий логотой хамт “Das Auto” буюу “жинхэнэ машин” гэсэн утгатай уриа үг үргэлж хамт бичигддэг. Хэрэглэж дадсан, шалгагдсан, дасал болсон, шалгагдсан итгэл хүлээсэн бараа бүтээгдэхүүн гэж байдаг шиг Eвропт болон бусад орнуудад Volkswagen бол тийм л унаа. Ер нь барууны хэрэглэгчид  хэрэглэж  сурсан, найдвартай, баталгаатай зүйлээ илүүд үздэг бол, азийнхан шинэ, технологи, тав тухыг илүүд үздэг шиг санагддаг.

-Таван Богд Моторс компани “Volkswagen’’-ны ямар загваруудыг оруулж ирдэг вэ?

-Бид хамгийн сүүлийн үеийн бүх загварыг монголын зах зээлд нийлүүлэх боломжтой. Манай үзэсгэлэнгийн танхимд байгаа машинууд бол бид худалдан авагчдынхаа өмнөөс хийсэн сонголтууд байдаг. Өөрөөр хэлбэл  тэнд нэг загварын машинуудыг олноор үйлдвэрлээд бид тэндээс нь худалдан авдаг биш. Тэнд нэг ч машин захиалгагүйгээр үйлдвэрлэлтэд ордоггүй. Магадгүй гаднаас нь харахад ижилхэн машин байх ч жишээ нь жолооны хүрд нь халдаг, халдаггүй, мебель оруулга орсон ороогүй, дугуйны обуд нь гэхэд л хэд хэдэн өөр төрөл байдаг. Мөн харахад ив ижилхэн тоноглолтой байсан ч нэг нь Америкруу нөгөө нь Монголруу экспортлох гэж байгаагаасаа хамаараад өөр өөр тохиргоо, эд ангитай байдаг.

Тэр утгаараа бидний хийсэн сонголт хэрэглэгчид таалагдахгүй бол тухайн хэрэглэгч бариулний өнгөнөөс авахуулаад, савхин суудал халдаг халдаггүй, 4 хаалгатай автомашины загварыг 2 хаалгатай болгон захиалсан ч болно гээд маш өргөн сонголтыг олгодгоороо давуу талтай. Энэ ч утгаараа захиалга өгөхдөө нэмж, хассан тоноглолоос  шалтгаалаад үнийн дүн  загвар болгон дээр өөр өөр гардаг. Сонирхуулахад энэ 7 хоногоос Volkswagen Tiguan-ны шинэчлэгдсэн хувилбар худалдаанд гарч эхлээд байна.

Манай нийлүүлэгч буюу Volkswagen нь дэлхийн хэмжээний корпораци учир тухайн орон нутгийн зах зээлийн нөхцөлд тохирсон бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг чухалчилдаг. Энэ тал дээр ч дэлхийн бүх тив, улс орнуудад нийлүүлдэг туршлагатай. Жишээ нь манайд зарим загваруудыг Монголын нөхцөлд тохирсон EURO-2,3 нормоос хамаараад харамсалтай нь нийлүүлэгдэх боломжгүй байдаг.


-Танайх автомашины борлуулалтаас гадна автомашины үйлчилгээний төвтэй. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач.

-Бид өөрийн засвар үйлчилгээний төвдөө Volkswagen Группийн автомашинуудад компьютер оношилгоо, агрегат засвар явуулдаг. Герман дахь төвтэй тусгай сүлжээгээр холбогдон компьютер оношлогоо, үйлчилгээ хийж эхэлснээр Герман чанарыг Монголдоо баталгаажуулж байна. Орчин үед компьютер оношлогоог тэр сүлжээгүйгээр төсөөлхийн аргагүй болсон цаг.  Мөн бид машинууддаа 2 жилийн километр харгалзахгүй баталгаа олгодгоороо давуу талтай. Одоогоор манайхаас өөр газар машинд киломертрээс үл хамаарсан баталгаа байхгүй байгаа.
 
Манай хэрэглэгчид хямдыг нь бодож хувь хүмүүсээр үйлчлүүлсэнээр автомашинаа эвдээд ирэх тохиолдол их байдаг. Баталгаат сэлбэг, мэргэжлийн ажилтнуудад өөрийн үнэ цэнэтэй  зүйлээ даатгах нь хамгаас чухал  гэдгийг хэрэглэгчиддээ зөвлөх байна.

                                        Ярилцсан О.Юна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж