АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Ардчилсан
намын аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр Сүхбаатар аймагт
хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус зөвлөгөөнд Ардчилсан намын дарга,
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
болон бүх аймгийн Ардчилсан намын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга,
улстөрийн ажилтнууд оролцож буй юм. Зөвлөгөөнд Сүхбаатар, Завхан,
Дорноговь аймгийн Засаг дарга, мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга оролцож
илтгэл тавилаа.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нь
гурван жилийн хугацаанд орон нутгаа хөгжүүлэх талд нэлээд ажил
амжуулжээ. Тухайлбал, тус аймаг 66 жилийн хугацаанд өөрсдийн хүчээр 6.2
км авто зам тавьж байсан бол өнөө жил 15 км хатуу хучилттай авто зам
барьж чадсанаараа бахархлаа. Энэ нь орон нутгаа хөгжүүлэх гэсэн
сүхбаатарчуудын чин хүсэл эрмэлзлийн дүнд бий болсон дэд бүтцийн
томоохон ажлын нэг гэдгийг аймгийн Засаг дарга онцолсон. Мөн аймгуудаас
анх удаа хоёр тэрбум төгрөгийн бонд гаргажээ. УИХ-аас өнгөрсөн хавар
Биржийн тухай хуулийг баталсан. Хуулийг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор
бирж байгуулаад байна. Малчдын хувьд хөдөлмөрөө хоршихоор болж
хоршооллын хэлбэрт шилжсэн. Малчдын санал санаачлагыг дэмжин 200 бог,
400 бодын мах нөөцлөх хүчин чадал бүхий зоорь байгуулсан. Тусгай
зориулалтын зоорьтой болсноор малчид малынхаа махыг тусгай зориулалтын
агуулахад хадгалж улаанбаатарчуудад чанарын шаардлага хангасан хүнс
нийлүүлэх боломжтой болжээ. Мөн 100 гаруй хүнийг ажлын байраар хангасан
худалдааны томоохон төв байгуулагдсан. Ингэснээр өвлийн хүйтэнд гадаа
талбайд бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах зовлонгүй болжээ.

Сүхбаатар
аймгийнхны бүтээн байгуулсан бас нэг том ажилд бага, дунд орлогтой
иргэдийн орон сууцжуулах хөтөлбөр юм. Эхний ээлжинд 300-гаад өрхийг
хамруулахаар зорьсон. Нэг өрөө орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл
хэвийн үргэлжилж байгаа, 10 сая төгрөгийн үнэтэйгээр “босно”.
Сүхбаатарчууд барилгынхаа  ихэнх материалаа үйлдвэрлэж, өөрсдийн хүчээр
барьж байгуулж байгаа учраас нэг өрөө байр тус аймагт ийм хямд өртгөөр
баригдаж буй аж. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нэг өрөө байр
дунджаар 35 сая төгрөгийн үнэтэй байгаа. Тэгвэл тэрхүү үнээс даруй хоёр
дахин бага өртгөөр босч буй юм. Мөн хаус хороолол байгуулж буй. Энэхүү
хороололд боломжийн амьдралтай иргэд захиалгаа өгч хаусаа бариулж байгаа
юм байна. Түүнчлэн уламжлалт гэр хорооллыг байгуулах ажил ч өрнөж буй
ажээ. Сүхбаатарчуудын бас нэг томоохон бүтээн байгуулалтын ажилд Дулааны
цахилгаан станцыг нэрлэж болно. Шинэ шинэ хороолол баригдаж аймаг тэлж
байгаа нөхцөлд шинээр баригдаж буй  Дулааны цахилгаан станц нь тэрхүү
хэрэглээг хангана. Ирэх жил гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм
байна.  Ийнхүү Монгол Улсын зүүн хязгаар нутагт бүтээн байгуулалтын ажил
ид буцалж, иргэд нь сайхан амьдралыг өөрсдийн гараар бүтээхээр шаргуу
ажилласаар.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж