Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо Швейцарийн Михаэль Итенийг 28 секундэд цэвэр буулгаж, дараагийн даваанд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Людвиг Пайшерийг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар 2009 онд залуучуудын ДАШТ-ий финалд учирч, энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний даваанд таарсан Хирофүми Ямамотог нэг минут, гурван секундэд мордох мэхээр цэвэр ялсан. Ийнхүү медалийн болзол хангасан манай бөх хагас шигшээд 2010 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, ОХУ-ын Беслан Мудрановыг хоёр минут, 17 секундэд иппон буулгаж, финалд Гүржийн Амиран Папинашвилитай барилдан, юүко, вазари үнэлгээгээр хожигдож яваад цэвэр ялж, аваргалав. Д.Төмөрхүлэг олимп, дэлхийн шилдэг тамирчид зодоглосон энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн шилдгүүдийг илт давуу ялж түрүүлснээр IJF-ийн дэлхийн чансаагаа ахиулж чадлаа.
Мөн энэ жинд Ч.Болдбаатар Саудын Арабын Эйса Мажрашиг нэг минут, 57 секундэд, Бразилийн Фелипе Китадайг хоёр минут, гурван секундэд цэвэр ялаад, медалийн төлөөх барилдаанд Голландын Микош Салминенийг нэмэлт цагийн эхэнд вазаригаар унаган шагналын тавцанд гарах болзол хангасан. Харин хагас шигшээд Гүржийн Амиран Папинашвилид ялагдсанаар монгол бөхчүүд түрүү булаацалдах боломж үгүй болсон юм.

66 кг-д барилдсан ОУХМ С.Мияарагчаа Голландын Йаспер де Йонгийг гурван минут, 54 секундэд цэвэр ялж, Италийн Франческо Фаральдог вазари үнэлгээгээр илүүрхээд медалийн төлөө Францын Давид Ларостой өрсөлдөн мөн вазари үнэлгээгээр хожсон. Энэ жинд барилдсан манай нөгөө бөх дэлхийн аварга, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, "Оюутолгой" компанийн элч тамирчин, МУИС-ийн оюутан, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Киприйн Андреас Крассасаар "бие халаалт" хийж, дөрвөн минут, 14 секундэд цэвэр ялаад дараагийн тойрогт АНУ-ын Брэдфорд Боленийг хагас минут хүрэхгүй хугацаанд вазари, иппон үнэлгээ аван сөхрүүлэн, ОХУ-ын Камал Хан-Магомедовыг цаг дуусахад 20-иодхон секунд дутуу байхад цэвэр буулган медалийн болзол хангасан юм. Ийнхүү шагналын тавцанд гарах эрхтэй болсон манай хоёр бөх хагас шигшээд хоорондоо өрсөлдөж, хэн нь түрүү булаацалдахыг шийдэхэд С.Мияарагчаа цэвэр ялав. Ингээд С.Мияарагчаа аваргын төлөөх барилдаанд жийх мэхийг дутуу хийснээс Словенийн Рок Дракшичэд даралтаар хожигдсоноор мөнгөн медаль зүүлээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа Испанийн Яхаира Агиррег юүкогоор ялаад Израилийн Ярден Гербиг вазари үнэлгээ алдсаныхаа дараа иппон буулгаж хожиж, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Словенийн Урска Золнирийг хоёр минут, 38 секундэд цэвэр ялснаар медалийн болзол хангасан. Хагас шигшээд мөн л олимп, дэлхийн медальт жүдоч, зохион байгуулагч орны бөх Элизабет Виллебордсетэй өрсөлдөн, найман минутын турш барилдаад хантэйгаар хожигдсон.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир Молдавын Виктор Сквортовыг торгуулиар, Польшийн Томаш Адамиецийг нэмэлт цагт мөн торгуулиар ялж наймд үлдээд медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Мансур Исаевт цэвэр ялагдав. Манай бөх өрсөлдөгчийнхөө хутгах мэхийг мордоо болгож хариулах гээд дийлэлгүй доор нь орлоо. Энэ жинд барилдсан манай нөгөө бөх Г.Одбаяр эхний тойрогт Гүржийн Нугзар Таталашвилид нэмэлт цагт юүко алдан ялагдсан.
Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд барилдсан бөхчүүд маань мөн эхний даваагаа гэтэлсэнгүй. 48 кг-д хүч үзсэн М.Уранцэцэг зохион байгуулагч орны тамирчин Биргит Энтетэй найман минутын турш эн тэнцүү барилдаад шүүгчийн саналаар дийлдсэн бол 52 кг-д Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт франц жүдоч Пришчила Гнетод нэг минут, 35 секундэд иппон буусан.
Ийнхүү Амстердамын гран-пригийн эхний өдөр Монголын есөн жүдоч барилдаж, нийт 28 барилдаан хийснээс 20-д нь ялалт байгуулж, таван медаль хүртсэн бол зохион байгуулагч орныхон хоёр алт, хоёр мөнгө, нийт дөрвөн медаль хүртсэн байна. Тэмцээний эхний өдөр зургаан орны төрийн дуулал эгшиглэж, 16 улсын төрийн далбаа манджээ.
Дэлхийн 64 орны 400 гаруй жүдоч зодоглож буй Амстердамын гран-при тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр үлдсэн жинд аваргууд тодорно. Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн -100 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-д Х.Мөнхбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд нар барилдана.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.