Анх 1923 онд Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс( ЗСБНХОУ)-ын Засгийн газрын хооронд манай улсын хувьд анхны Худалдааны хоёр талын хэлэлцээрийг байгуулж, хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй нэвтрүүлэх, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэж байжээ.
1923 оны эцэс гэхэд манай орны зах зээл дээр Хятад, Англи, Америк болон Герман улсын нийтдээ 500 гаруй хувийн пүүс үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын бүх экспортын 80 орчим хувийг бүрдүүлж байсан байна.
1930 оны 12 дугаар сарын 12-нд болсон БНМАУ-ын Засгийн газрын хуралдаанаас Гадаад худалдааны онц эрхийг тогтоох туxaй тогтоол гаргаж, Засгийн газраас баталсан төлөвлөгөө, арга хэмжээг баримтлан экспорт, импортын үйл ажиллагааг явуулж байх үүргийг Худалдаа, аж үйлдвэрийн яаманд хариуцуулжээ. Энэ үеэс эхлэн барааг гадаадаас авах, гадаадад гаргах явдлыг төрийн байгууллага хариуцах болжээ.
Дэлхийн II дайны дараа манай улсын хувьд улс төр, эдийн засгийн талаар гадаад харилцааг өргөтгөх боломж бий болж, 1953 оноос БНХАУ-тай, 1956 оноос БНСЧСУ, БНАГУ, БНБАУ, 1957 оноос БНПАУ, БНУАУ, БНАСАУ-тай, 1958 оноос БНСРУ, ХБНСЮУ-тай, 1959 оноос БНАВУ-тай, 1960 оноос Куба улстай, 1968 онд Энэтхэг, 1976 онд Финланд улстай Засгийн газрын хэмжээнд худалдааны хэлэлцээр тус тус байгуулж, тэдгээрийн үндсэн дээр худалдааны харилцааг хөгжүүлж эхэлсэн байна.
Манай орны хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт түргэн хурдацтай хөгжиж ирсэн 1960 аад оны дунд үеэс манай орны хөгжилд гадаад худалдаа, эдийн засгийн харилцааы гүйцэтгэх үүрэг ихээхэн өсч нэмэгджээ. Тухайлбал, 1966-1970 онуудад улс ардын аж ахуйг таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу тухайн үеийн ханшаар 540.9 сая рублийн бараа гэрээлж импортлосон баримт байдаг.
Тухайн үед гадаад худалдаанд онцгой ач холбогдол өгч, түүний бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахтай холбогдуулан улсаас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн дотор төрийн бус байгууллага болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулсан явдал зүй ёсоор ордог байна.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн хүнд цаг үед манай улсын эдийн засаг, түүний дотор худалдааны салбар хямралд хамгийн ихээр өртөж, бүхэлдээ уналтанд орсон.
Шилжилтийн эхэн үед төр, засгаас гаргасан томоохон шийдвэрүүд, тухайлбал өмч хувьчлал, гадаад валютын ханш болон суурь үнийг чөлөөлсөн, гадаад, дотоод худалдаанд зах зээлийн зарчмыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ололт болсон.
Монгол Улс 1997 онд 153 гишүүн оронтой Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэнээр дэлхийн улс орнуудтай тэгш эрхтэй олон талт худалдаа хийх өргөн боломж нээгдэж, улмаар дэлхийн дахины худалдаа, эдийн засгийн хамтын шийдвэр гаргах механизмд өөрийн хувь нэмрээ оруулах болсон.
Монгол Улс дэлхийн 150 орчим улстай худалдааны харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд гадаад худалдааны нийт хэмжээ 2010 оны байдлаар 6,1 тэрбум ам.доллар, 2011 оны эхний 10 сарын байдлаар 9,1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 2 дахин нэмэгдээд байна./График-1/
Манай улсын экспортын хэмжээ жил ирэх тутам өсч, дэлхийн 60 орчим улсад бараа, бүтээгдэхүүн экспортлож байна. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, нэмүү өртөг бага байна. Тухайлбал, экспортод нүүрс, төмрийн хүдэр, молибдений баяжмал, алт, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн голлож, эдгээр нь энэ оны эхний 10 сарын байдлаар нийт экспортын 89 орчим хувийг эзэлж байна. /График-2/
Монгол Улс дэлхийн 120 гаруй улсаас бараа, бүтээгдэхүүн импортлож, дотоодын үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний салбарт нийлүүлж байна. Импортын хэмжээ 2011 оны эхний 10 сарын байдлаар 5,3 тэрбум ам.доллар байна. Импортын хэмжээ экспортын өсөлтөөс илүү хурдацтай өсч байгаа нь нэг талаас дотоодод уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон бүтээн байгуулалт, төслүүд хэрэгжиж, тэдгээрт шаардлагатай машин, техник, тоног төхөөрөмж ихээр импортлох болсон, нөгөө талаас хүн амын орлогын түвшин нэмэгдэж, зарим салбарт хэрэглээний зах зээлийн эрэлт өсч байгаатай холбоотой юм. /График-3/
Гадаад худалдааны тэнцлийг бараа бүтээгдэхүүний бүлэг тус бүрээр авч үзвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүний тэнцэл, 52 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 257 сая ам.доллар, химийн бүтээгдэхүүн 200 сая ам.доллар, хуванцар, каучук эдлэл 194 сая ам.доллар, машин, техник, тоног төхөөрөмж 1,4 тэрбум ам.доллар болон тээврийн хэрэгсэл 1,25 тэрбум ам.доллар тус бүрээр импорт нь давамгайлсан байна. Харин экспорт давсан бүтээгдэхүүний ангилалд үнэт металл чулуу 140 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүн 180 сая ам.доллар, арьс шир, түүхий эд 37 сая ам.доллар, эрдэс бүтээгдэхүүн 2,3 тэрбум ам.доллараар тус бүр багтаж байна.
Манай улсын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн гол цөм нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого яах аргагүй мөн. 1990 оноос өнөөг хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж ирсэн/график-4/ бөгөөд 2011 оны эхний 9 сарын байдлаар 11380 гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэлтэй болсон байна. 1990-ээс 2011 оны 9 сар хүртэлх хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдээс нийт 5,8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ.
2010 оны байдлаар Монгол Улсад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ Хятад 51 хувь, Канад 8 хувь, Нидерланд 6 хувь, Өмнөд Солонгос 5,6 хувиар тэргүүлж байгаа бөгөөд салбараар нь авч үзвэл геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбар нийт хөрөнгө оруулалтын 65 хувь, худалдаа, нийтийн хоолны салбар 19,7%, хөнгөн үйлдвэр 2,8%, банк, санхүүгийн үйл ажиллагаа 3,1%-ийг тус тус эзэлж байна.
ТАВ. ТӨР, ЗАСГААС АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
Аливаа улсын төр, засгийн бодлого, шийдвэр нь бүс нутгийн болон дэлхийн нийтийн дэг жаягтай нийцсэн байхаар орон зай нь хумигдаж байгаа өнөө үед дотоодын чадварлаг институци, түүнийг бүрдүүлэх хууль эрх зүй орчин зайлшгүй шаардлагатай байна.
Иймээс худалдааны харилцааны төрийн бодлого, хэм хэмжээг тогтоох, худалдааны шинэ хэлбэр, ойлголтыг зохицуулах, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл учруулж буй элдэв шат дамжлагыг багасгах, экспорт, импортын тусгай зөвшөөрөл болон лицензийн тоог цаашид цөөрүүлэх, холбогдох хууль, тогтоомжид тодотгол оруулах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна.
Худалдааны бодлогыг харилцан уялдаатай, дотоодын эдийн засагт оруулах үр шимийг нь улам нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлогын төсөл, худалдааг хөнгөвчлөх, дэмжих эрх зүйн зохицуулалтыг энгийн, ойлгомжтой, ил тод болгохын тулд ГХЯ, ХХААХҮЯ-наас хамтран “Худалдааны тухай хууль”-ийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байна.
Мөн түүнчлэн экспорт, импортын зохистой харьцааг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээний тухай хуулийн төсөл болон худалдааны тэнцлийг хангахын тулд экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Экспортыг дэмжих хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.
Монгол Улсын гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, гадаад харилцааны арга хэрэгслээр дамжуулан улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дунд хугацаанд баримтлах чиглэл болох “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Төр, засгаас дотоодын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар доогуур байгааг дэмжих, улмаар экспортыг нэмэгдүүлэх, шинэ зах зээл нээх зорилгоор хөгжингүй орнуудын Худалдааны хөнгөлөлтийн системд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр хамруулах бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос 2011 онд дуусгавар болж буй 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамрагддаг “GSP+”-ийг 2013 оныг дуустал үргэлжлүүлэн сунгасан.
Гадаад харилцааны яам
Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар