
Манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа эл аян дэлхийн 123 улсад зохион байгуулагдаж байна. “Шинэ эхлэх цэг” ТББ-ын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа энэхүү аянд Монголын олон зуун авьяаслаг, ур чадвартай бизнес эрхлэгч, санаачлагч залуус нэгдэж байгаа бөгөөд мэдлэг чадвараа хөдөлмөрийн зах зээл дээр сориод зогсохгүй өөрсдийн бизнес санаагаараа дамжуулан нийгмийн асуудлуудад бодит, үр дүнтэй шийдлийг санал болгохыг эрмэлзэж байгаа ажээ.
Долоо хоног үргэлжлэх энэхүү аянд бизнес санаа тээн яваа иргэдэд үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө өгөх болон санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай холбож өгөх замаар ирээдүйн бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болох арван төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд манай улсын бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес санаачлагчдад дэмжлэг үзүүлж, хөгжүүлэх зорилготой сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг дэлхийн өнцөг буланд өөрийн бизнесийн байр сууриа олсон хүмүүс онлайн хэлбэрээр явуулахаар болжээ. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн фэйсбүүк, Микрософтод ажилладаг, Монголчууд өөрийн бизнесийн амжилтаасаа хуваалцаж байгаагаараа онцлогтой юм. Тус аян маргааш өндөрлөнө.