Египетчүүд дахин жагсав

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Египетчүүд дахин жагсав

Египетийн нийслэл Каир хотод цэргийн эрх мэдэлтнүүдийн санаачилсан үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, хэдэн арван мянган хүн жагссан байна. Ард иргэд тус улсад цэргийнхэний ноёрхол тогтохоос болгоомжилж байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагаснаас хойш тус улсын цэрэг армийн дээд консул засгийн эрхийг барьж байна. Арабын ертөнцийг доргиосон Тахрирын хувьсгалаас хойш анх удаа парламентын бүх нийтийн сонгууль явуулах гэж байгаа юм. Засгийн эрхийг барьж буй цэргийн эрх мэдэлтнүүдийн гаргасан үндсэн хуулийн өөрчлөлтийг Египетчүүд эсэргүүцэн Каир, Александриа хотод жагссан байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагасан  Египетийн хувьсгалын зүрх болсон Тахрирын талбайд жагсагчид дахин цугларчээ. Цус урсгасан Тахрирын хувьсгалын дараа ч амьдрал нь дээрдэхгүй байгаад Египетчүүд бухимдаж байгаа ажээ. Египетийг эдийн засгийг сүйрлээс аварч, хууль эрхзүйн шударга тогтолцоог бий болгоход засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байгааг ард иргэд эсэргүүцэж байна. Каир, Александриа хотод жагссан эсэргүүцэгчид “Египет цэргийн лагерь биш” гэсэн лоозон барьсан байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж