Жүдочид Голландын татамид

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Жүдочид Голландын татамид

Голландын нийслэл Амстердам хотноо 100 мянган ам.долларын шагналын сантай жүдо бөхийн гран-при тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 64 орны 249 эрэгтэй, 156 эмэгтэй жүдоч оролцож буй бөгөөд манай улсаас есөн эрэгтэй, таван эмэгтэй бөх зодоглох юм. Манай бөхчүүд ямар сугалаа татсаныг танилцуулъя.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд чансааны 15-д эрэмбэтэй Д.Төмөрхүлэг Швейцарийн Михаэль Итентэй оноолт таарчээ. Энэ бөхийг саяхан Казахстаны Алматыд зохиогдсон Дэлхийн цомын хагас шигшээд Д.Амартүвшин ялж байв. Швейцарь жүдочийг аргалвал манай бөхийн дараагийн учраа олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Австрийн Людвиг Пайшер байх юм. Д.Төмөрхүлэг 2010 онд Венийн Дэлхийн цомд ЛюПаг нутагт нь илүүрхэн хожиж аваргалсан билээ.

60 кг-д барилдах манай нөгөө бөх, 17-д чансаатай Ч.Болдбаатар тивийнхээ тэмцээнд медалийн төлөө өрсөлдөх эрэмбэтэйгээ нэг бус удаа харуулсан Саудын Арабын Эиса Мажрашитай эхний барилдаанаа хийх ба есдүгээр сард Улаанбаатар, Алматыд болсон Дэлхийн цомуудад үзүүрлэсэн Казахстаны Асхат Телманов болон Бразилийн Фелипе Китадай нарын ялсантай нь наймд үлдэх эрхийн төлөө хүч үзнэ.

66 кг-д тэргүүн жүдочийнхоо байр суурийг алдаж, жиндээ 4-т бичигдэж буй дэлхийн аварга Х.Цагаанбаатар Амстердамд зодоглогчдын манлай нь болжээ. Түүний эхний учраа нь Киприйн Андреас Крассас байх ба АНУ-ын Болен Брэдфордтой дараагийн даваанд барилдана. Энэ жинд барилдах манай нөгөө бөх С.Мияарагчаа зохион байгуулагч орны бөх Йаспер де Йонгтой оноолт таарчээ. Амстердамын Гранпригийн 66 кг-д барилдсан бөхчүүдийг эрэмбэлэхэд Х.Цагаанбаатар тэргүүлж, С.Мияарагчаа дөрөвдүгээрт бичигдсэн ба тиймээс тэд учраа бөхчүүдээ ялсаар байвал хагас шигшээд хоорондоо мөргөлдөх оноолтод орсон байна.

73 кг-ынхны 12 дугаарт чансаатай С.Ням-Очир 2010 оны Чингис хаан дэлхийн цомын хагас шигшээд таараад бараагүй АНУ-ын Майкл Элдред, Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт Молдавын Виктор Сквортов нарын ялсантай нь эхний барилдаанаа хийнэ. Г.Одбаярын хувьд тэгшитгэлд Гүржийн Нугзар Таталашвилитэй оноолт таарчээ.

-100 кг-ын хоёр бөх маань Амстердамд барилдсан жүдочдын дунд чансаагаараа эхний наймд багтсан тул сугалаа таталгүй, оноолтод шууд "зоогдсон". Гэтэл тэд хоёрын даваанд шууд хоорондоо уулзалдахаар болжээ. Гэхдээ үүний тулд тэд эхний учраануудаа ялах ёстой. Жиндээ 13-т эрэмбэтэй Б.Тэмүүлэн Европын АШТ-ий хошой хүрэл медальт, Румыний Даниэль Брататай барилдах бол 14-т бичигддэг олимпийн аварга Н.Түвшинбаяр Чех гаралтай Шведийн жүдоч Мартин Пачектэй хүч үзнэ.

+100 кг-д Азийн наадмын хүрэл медальт Х.Мөнхбаатар дэлхийн гурван удаагийн аварга Александр Михайлингийн "аманд очжээ".

Эмэгтэйчүүдийн 48 кгМ.Уранцэцэг (чансаа №15) эхний тойрогт хийлээд Голландын Биргит Энте, Бразилийн Наталиа Бригита нарын ялсантай нь наймд үлдэх эрхийн төлөө барилдаж, тэднийг аргалбал ОХУ-ын Наталья Кондратьева, Украины Марина Черняк нарын нэгтэй медалийн төлөө өрсөлдөнө.

52 кгБ.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, энэ жингийн 10-т эрэмбэтэй Францын Пришчила Гнетотой барилдах болсон байна.

63 кг-д Ц.Мөнхзаяа Испанийн Яхаира Агирретэй оноолт таарсан бол 70 кг-д саяхан залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Ц.Наранжаргал Францын Мари Паскетэй өрсөлдөхөөр болов.

78 кг
-д есдүгээрт эрэмбэлэгддэг П.Лхамдэгд Амстердамын Гранприд №2-оор босч байна. Тэрбээр Камеруны Ванесса Мбалатай эхний барилдаанаа хийх ба Словенийн Анамари Веленсек, Канадын Катерин Роберге нарын ялсантай нь медалийн төлөө хүч үзнэ.

Амстердамын гран-прид барилдахаар олимпийн медальт 22 бөх очсоны дотор зургаа нь алтан медальтан байгаа бол ДАШТ-ий медалийн тавцанд зогсч байсан 59 бөх байгаагаас 21 нь аварга хэргэмтэй ажээ. Түүнчлэн тивийн АШТ-дээ түрүүлсэн 29 бөх, медальтай 94 жүдоч Голландын нийслэлд барилдах гэж буй нь тус тэмцээний чансааг илэрхийлэх нэгэн тоон үзүүлэлт юм.

Гран-пригийн аварга чансааны 200 оноо авах бол мөнгө, хүрэл медальтнууд 120, 80, медалийн төлөө өрсөлдсөн буюу наймд үлдсэн бөхчүүд 40 оноо авдаг билээ.

Төгсгөлд нь Амстердам хотын талаар цухас танилцуулъя. 12-р зууны үед загасчдын байгуулсан "Амстел голын далан" (dam гэдэг нь далан, хаалт гэсэн үг) гэсэн утга бүхий нэртэй жижиг тосгон нь өдгөө 1,2 сая оршин суугчтай, улсынхаа нийслэл болоод зогсохгүй Европын соёл урлаг, эдийн засаг, аялал жуулчлалын том төв болжээ. Дэлхийн ТОП-500 компанийн долоо нь Амстердамд байрладаг бөгөөд дэлхийн хамгийн эртний хөрөнгийн бирж, Ван Гогийн музей, Амстердамын Эрмитаж болон "улаан дэнлүүний гудамж"-аараа тус хот алдартай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж