
Дээрхийн гэгээн Далай лам саяхан “BBC”-д өгсөн ярилцлагадаа Хятадын эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн олон Төвд лам, гэлэнмаа нар өөрсдийгөө шатааж, зулын гол болж байгаад санаа зовж байгаагаа ярьжээ. Далай лам тэдгээр лам, гэлэнмаа нарын эр зоригтойд эргэлзэхгүй байгаа боловч ингэлээ гээд үр дүнд хүрэхгүй гэжээ. Энэ онд Хятадын эрх баригчдын Төвдөд явуулж буй бодлогыг эсэргүүцэн 11 лам зулын гол болсон байна. Өөрсдийгөө шатаасан лам нар бараг бүгдээрээ нас барсан юм. Саяхан 35 настай нэгэн гэлэнмаа өөрийгөө шатаасан билээ. Төвдийн лам, хувраг, гэлэнмаа нарын амьдаараа зул болох үйлдэл нь Хятадын эрх баригчдыг эсэргүүцсэн 60 жилийн тэмцлийн сүүлчийн тактик гэж “BBC”-ийн тоймч Эндрю Норт ярьсан байна. Хятадын эрх баригчид Далай ламыг шавь нараа зулын гол болохыг уриалдаг гэж буруутгасныг дээрхийн гэгээн үгүйсгэсэн байна. Дээрхийн гэгээн “Шударга бус явдлын эсрэг тэмцэхэд эр зоригтой байх хангалтгүй. Оюун санаагаа хөгжүүлэх ёстой” гэж хэлжээ.
Н.Энх