
Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондонд маргааш эхлэнэ. Нийт 4,15 сая ам.долларын шагналын сантай энэ жилийн сүүлчийн тэмцээн “О2 Arena”-д болох юм. Оны төгсгөлд амжилтаараа шалгарсан шилдэг 8 тамирчин хоёр хэсэгт хуваагдан тоглодог дүрэмтэй. Тэмцээний “А” хэсэгт дэлхийн номер нэг теннисчин Сербийн Новак Жокович, Их Британийн Энди Мюррей (3), Испанийн Давид Феррер (5), Чехийн Томаш Бердых (7) багтсан бол “B” хэсэгт Испанийн Рафаэль Надаль (2), Швейцарийн Рожер Федерер (4), Францын Жо-Уилфред Цонга (6), АНУ-ын Мэрди Фиш (8) нар оржээ. Дээрх тамирчдаас АНУ-ын Мэрди Фиш анх удаа “World Tour Finals”-д өрсөлдөж байгаа юм. Хэсэг тус бүрээс хоёр тамирчин хагас шигшээ тоглолтод өрсөлдөх бөгөөд аварга болсон нь чансаандаа 1500 оноо нэмэхээс гадна 1,63 сая ам.долларын шагнал хүртэнэ.
Түүхийн хуудас сөхвөл Чехословакын Иван Лендл (1981, 1982, 1985, 1987), АНУ-ын Пит Сампрас (1991, 1994, 1996, 1997, 1999), Швейцарийн Рожер Федерер (2003, 2004, 2006, 2007, 2010) нар хамгийн олон буюу таван удаа аваргалж байв. “Швейцарь цаг” энэ жилийн тэмцээнд түрүүлэх аваах үнэмлэхүй амжилт тогтоох юм. Харин “Их дуулгы”-ын 10 түрүүтэй Испанийн Рафаэль Надаль оны сүүлчийн тэмцээнд 2005 оноос тасралтгүй оролцсон ч түрүүлж байгаагүй юм.
ТЭМЦЭЭНИЙ ТҮҮХЭЭС
Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин