
Зураач Ц.Баттөрийн бүтээлүүд шөнө цаг, харанхуйн тухай өгүүлэгдсэн бөгөөд далд ертөнц, нууц уур амьсгал, бас хөнгөн гуниг, гоо сайхан агуулагдаж байдаг ажээ. Өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг тас харанхуйгаас гэрэлтэх үлэмжийн хурц гэрэлтэй зүйрлэдэг тэрбээр энэхүү үзэсгэлэнд монгол хүний дүр төрх, дотоод сэтгэлийн онцлогийг илэрхийлсэн хөрөг бүтээлүүдээ тавьжээ.
Харин зураач Л.Давааням бол дүр болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг зураач юм. Түүний бүтээлүүд ихэнхдээ монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрхөөр дүрслэгдсэн байдаг бөгөөд үзэгч түмнийхээ эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг байна.
Л.Баярцэцэгийн хувьд хүлэг морьдын сэдвээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд түүний ур чадвар авьяас билгээр цогцолсон бүтээлүүд нь гол төлөв хурц тод өнгөөр дүрслэгдсэн байдаг. Зүгээр л хурц тод өнгөөр дүрслэх төдий биш сэдвийнхээ мөн чанар, дотоод учир шалтгааныг хайж түүндээ амьдралын сайн сайхан талыг шингээн, ямагт ертөнцийн гайхамшгийг ер бусын сэтгэлийн их элч, энэрэл хайр итгэл мөрөөдлийг дагуулж явдагтаа онцлогтой ажээ.
Тус үзэсгэлэнгээс та эх орныхоо түүх домог, үзэсгэлэнт байгаль, хүн ардын амьдрал ахуйг гурван зураач өөр өөрийн онцлог арга барил, өнгө гэрэл уран сайхны өвөрмөц хэллэгээр хэрхэн дүрслэн үзүүлснийг мэдрэх болно. Үзэсгэлэн ирэх сарын 8-нийг хүртэл үргэлжлэх аж.
“Нийгмийн толь” сонин