
Британийн спортын сайд Робертсон Блаттерийн талаар “ОУХБХ холбоо манай улсад шударга бус хандаж байгаа тухай бид өмнө нь хэлж л байсан. Харин сая Блаттерийн өгсөн ярилцлага түүнийг дэлхийн хамгийн том холбоог тэргүүлэх эрхгүй гэдгийг нь бүрэн нотлоод өгчихлөө. Энэ бол түүний хийж байсан олон инээдтэй мэдэгдлүүдийн хамгийн сүүлийн жишээ. Катарын дэлхийн аваргын үеэр ижил хүйстнүүдийг оролцуулахгүй гэсэн гээд яриад байвал олон зүйл байгаа. ОУХБХ түүний удирдлага дор орсноосоо хойш тэр чигээрээ хээл хахуульд идэгдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн сонгуулиар тэрнийг дахин нэр дэвшүүлэхгүй байх нь хамгийн зөв шийдвэр байлаа. ОУХБХ яг одоо ямар ч ахицгүй болчихоод байна. Арьс өнгөний үзлийн талаар хэн ч гэсэн ийм хайхрамжгүй мэдэгдэл хийх нь зохимжгүй зүйл. Ялангуяа Блаттер шиг өндөр албан тушаалын хүнд энэ бүхэн хамгийн их хамаатай. Спортод ч, нийгмийн амьдрад ч арьс өнгөөр гадуурхах үзэл байх ёсгүй. Энэ үзлийг дэлхий даяараа хэвшүүлэх хэрэгтэй” гэж Робертсон ярьжээ.
Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны захириал Тейлор ч мөн Блаттерийн орыг УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини авах ёстой гэж үзэж байна. Зепп Блаттерийн энэ мэдэгдэл нь Луйс Суарес – Патрис Эврагийн хоорондын маргаан ид хүчээ авч байх үед хийгдсэн нь асуудлыг улам дэвэргээд байна. Уругвай довтлогч “МанЮ”, “Ливерпуль”-ийн тоглолтын үеэр Эвраг арьс өнгөний үзэл гарган дорожмилсон учраас Английн хөлбөмбөгийн холбооноос шийтгэл хүлээлгээд байгаа юм. Мөн Английн хөлбөмбөгийн холбоо Жон Территэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. “Челси”-гийн ахлагч өнгөрсөн сард QPR-ийн хамгаалагч Энтон Фердинандтэй мөн ийм асуудал үүсгэсэн юм. Английн хэвлэлүүд Зепп Блаттерийг шүүмжилсэн нийтлэлүүд олноор нийтлэж байгаа нь энэ орны ОУХХ-нд хандах хандлагыг харуулж байна. Харин Европын томоохон хэвлэлүүд энэ асуудалд илүү нухацтай хандаж байгаа. Жишээлбэл, Италийн Gazzetta dello Sport сонин вэбсайтдаа энэ талаар юу ч дурдаагүй байна.