“Гамшгийн үеийн удирдлага” сэдвээр сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

“Гамшгийн үеийн удирдлага” сэдвээр сургалт эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр
“Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт
сургалт эхлүүллээ. Энэхүү сургалтад Нийслэлийн онцгой байдлын газар
хамтран оролцож мэргэжлийн удирдлагаар хангаж буй юм.

Гамшгийн үед эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн удирдах ажилтны
чадавхийг нэмэгдүүлэх, хариуцсан ажилдаа санаачилгатай хандах, гамшгийн
үед шаардлагатай мэдээ, мэдээллийг хурдан шуурхай боловсруулж,
удирдлагыг  мэдээллээр хангах үйл ажиллагаанд сурган дадлагажуулахад энэ
сургалтын ач холбогдол оршиж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын
Онцгой комиссын дарга М.Энхболд “Сургалтад хамрагдсанаар гамшиг,
байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан
сэргийлэх  үйл ажиллагаа сайжирч, болзошгүй гамшгийн үед нийслэлийн
Эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлын түвшин дээшилнэ гэж
найдаж байна” хэмээн хэллээ.

Улаанбаатар хотын хувьд Монгол Улсын нийт хүн амын тал хувь амьдарч
байгаа юм. Хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь 6 балл, 52 хувь
нь 7 балл, 23 хувь нь 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагддаг нь
хүчтэй газар хөдлөлт болбол үлэмж хэмжээний хохирол амсах эрсдэлтэйг
нотолж буй аж.  Тиймээс газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх,  хөдөлсөн
тохиолдолд учирч болох хор хөнөөлийг багасгах, урьдчилан сэргийлэх
шаардлагатай.  Энэ ч үүднээс дээрх сургалт зохион байгуулсан юм. Хоёр
өдөр үргэлжлэх сургалтын нээлтэд Улсын онцгой комиссын дарга, Монгол
Улсын  Шадар сайд М. Энхболд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
С. Ламбаа, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Р.Виват  болон бусад
албаны хүмүүс оролцлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж