Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилжээ

Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах “Мастер гэрээ” байгуулаад эрчимтэй ажиллаж байгаа Хөрөнгийн бирж ТУЗ-ийн гишүүдээ дахин өөрчилсөн байна. ТӨХ-ноос Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүдийг нэлээд хэдэн удаа өөрчилж байгаа юм.
Энэ удаад өнгөрсөн хоёрдугаар сард Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн Дэд даргаар томилогдож байсан Питер Морроу, “Би Эф Эй Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан өдгөө Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Л.Болормаа, АНУ-ын “Морган Стенли” банкны Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгийн зах зээлийн салбарын дарга Жорж Тэйлор нарыг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Лондонгийн Хөрөнгийн бирж группын Гадаад харилцааны албаны дарга Антонелла Амадей, тус группын Глобал хөгжлийн албаны захирал, “Millennium IT” компанийн Гүйцэтгэх захирал Тони Вийрсинг болон Худалдаа Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал О.Орхон нарыг томилсон байна. Хөрөнгийн биржийг Лондонгийн биржтэй хамтран удирдаж байгаа болохоор тус биржийн мэргэжилтнүүдийг ТУЗ-д оруулсан бололтой.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, ил тод байлгах талаар анхаарч ажиллаж байгаа хэмээдэг ТӨХ төрийн 100 хувийн өмчит “Хөрөнгийн бирж” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилснөө ил тод болгож, олон нийтэд мэдээлээгүй байна.  

С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж