
Евро бүсийн өрийн хямралаас үүдэлтэй айдас, түгшүүр АНУ болон Азийн хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны үнийг унагаж эхэлжээ. Хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн арилжааны мэдээллээс харахад Японы Никкей индекс 1.6 хувиар, Өмнөд Солонгосын Коспи индекс хоёр хувиар буурсан бол Уолл Стрийтийн арилжаа өчигдөр бүгд буурсан үзүүлэлттэй гарчээ. Хонконгийн Hang Seng биржийн индекс өчигдрийн арилжаанд 1.9 хувиар, Австралийн ASX 200 1.6 хувиар, Dow Jones 1.1 хувиар буурсан байна. 10 жилийн бондын үнэ хаялцах худалдаан дээр өчигдөр Испанийн зээлжих өртөг долоон хувьтай байсан нь тогтворгүй байдлын дохио юм. Евро бүсийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зээлийн санг хэчнээн тэрбумаар үүсгэхээс шалтгаалан хөрөнгийн зах зээлд хүлээлт үүсээд байгаа ажээ. Европын холбооны лидерүүд Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах сан байгуулах үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрсөн ч хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх дээр зөвшилцөж чадахгүй байгаа юм.
АНУ-ын Конгрессын төсвийн зөвлөл татвар нэмж, халамжийн хөтөлбөрийн тоог бууруулахаар хоёр намтай зөвшилцөлд хүрэхгүй байгаа нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Гэсэн ч Евро бүсийн өрийн хямралаас үүдэлтэй нөхцөл байдал хамгийн их санаа зовоож байгаа юм. Өрийн хямралаас үүдэн хөрөнгийн зах зээлд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнх шиг дүр зураг ажиглагдаж эхэлжээ. Хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдлаас үүдэн брент маркийн нефтийн үнэ дөрвөн хувиар буурчээ
Н.Энх