”Л.Гансүх сайд авлига авсныг заавал нотолно”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

”Л.Гансүх сайд авлига авсныг заавал нотолно”

Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нар мэдээлэл хийлээ. Тэд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан, гүтгэн до­ромжилсон” гэх үндэслэлээр шүү­хэд дуудагдсан. Уг хэргийг шүүх хурал энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болж сэтгүүлч А.Баатархуягийг Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар хө­дөлмөрийн хөлсний доод хэм­жээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээгээр, Г.Уянгыг хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ял ноогдуулсан. Энэ нь ойролцоогоор 14 орчим сая төгрөг болж байгаа юм. Гэвч тэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн. 2010 оны аравдугаар сард өргөдөл хүргүүлжээ. Харин шүүх нэг жил гаруйн дараа шийдвэрээ гаргав. “Байгаль орчин,  аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “MCS” группийн дэд захирал Л.Энх-Амгалангаас авлига авсан, таун хаус авсан гэсэн мэдээллийг хэвлэн нийтэлснийхээ хариуд ял сонсоод байна. Энэхүү асуудлыг Иргэний хуулиар шийд­вэрлэх боломж байсан. Гэтэл Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь тун хачирхалтай байна. Манай улсын хуулинд хүний эрх болон нэр төрд халдсан тохиолдолд Эрүүгийн биш, Иргэний хуулиар шийтгэл оноодог заалт бий. Харин эрх мэдэл албан тушаалд халдсан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэх заалт байдаггүй. Тийм заалт ч тусгагдаагүй санагдах юм. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарын хийсэн мэдээллийг тоймлон хүргэе.

Г.Уянга: УИХ-д нэр дэвших боломжийг минь хааж байна

-Бид анх “Нэг байшингийн талаар л маргалдаж байна” гэж бодсон. Харин энэ нь биднийг болон дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийг түлхэн унагах, нухчин дарах арга байж. Улс орны эрх ашгийг өөртөө урвуулан ашиглаж байгаа үзэгдэл. Өнгөн дээрээ “Намайг гүтгэн доромжилж байна”  хэмээн ард түмний бодол санааг өөр зүйлд хандуулах гэсэн үзэгдэл. “Л.Гансүх сайдын таун хаус 165 сая төгрөгийн үнэтэй” гэх бөгөөд Газрын албанд бүрдүүлж өгсөн бичиг баримт нь ердөө л нэг ширхэг А4 цаасны тал хэмжээтэй. Түүний авсан байшингийн мөнгөн дүн ердөө л 165 сая төгрөг. Гэхдээ яаж ч бодсон тийм үнэтэй биш. Сайд үүнийг худалдан авахдаа 120 сая төгрөг бэлнээр, үлдсэн 45 сая төгрөгт дүйцүүлж нэр нь үл мэдэгдэх гурван сайтыг Л.Гансүх сайд Л.Энх-Амгалан захиралд өгсөн байгаа юм. Гэхдээ бид сайтынх нь нэрийг байтугай ямар сайт гэдгийг ч мэдэхгүй. Байгаль орчныг хамгаалах нэрийдлээр Ухаахудгаас Гашуунсухайт хүртэл 252 км зам барихад анх гарын үсэг зурсан. Үүний дараа “MCS” группийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалангаас бидний яриад байгаа таун хаусыг авсан. Уг хаус нь хотын А зэрэглэлийн бүсэд байдаг гаднаа битүү харуул хамгаалалттай. Тийм байшинг дэлхийн хаанаас ч хайгаад 165 сая төгрөгөөр худалдаж авч чадахгүй. Шүүхийн шийдвэрийг сонсож байхад Л.Гансүх сайд өөрийн биеэр байгаагүй,  мөн уулзаж ярилцах гэх болгонд “Өвчтэй байна. Эмнэлэгт хэвтэж байгаа” хэмээн байнга зугтаж байсан. Харин өмгөөлөгч нь л ирж уулздаг байлаа. Бид ганц байшин биш, томоохон зүйлийн эсрэг тэмцэх хэрэгтэй боллоо.   


А.Баатархуяг: Бид тэмцлийнхээ фокусийг өөрчилнө

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахдаа бид зөвхөн хаусын талаар бус нийгмийн аюулгүй байдал, ард иргэдийн эрх ашиг, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийн талаар хөндөх болно. Мөн “MCS” группийн дэд захирал Л.Энх-Амгаланг Авлигатай тэмцэх газарт шалгуулна. Ер нь “MCS” групп бүх тендерийг авдаг. Нэг үгээр хэлэхэд төр “MCS” группийн ажлыг хийгээд байна. Л.Гансүх сайд ч биш Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар “MCS” группийн барьсан хаусыг худалдаж авсан. Тийм учраас бид энэ байшингийн тухай асуудлыг хойш тавьж фокусаа өөрчлөх хэрэгтэй болоод байна. Шуудхан хэлэхэд, энэ байшин хаусны асуудал бол жижиг зүйл. Харин Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаар тоглож байгаа нь том асуудал юм. Тэд татвараас зугтаж, өөрсдөө батлан бусдыг мөрдүүлдэг хуулиа уландаа гишгэж байна. Тавантолгойн нүүрсийг нэг тонныг нь 70 ам.доллар байхад дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрс 450 орчим ам.долларын ханштай байгаа. Тиймээс тэд татвараас зугтаж байгаа нь илэрхий харагдаж байна. Зөрүү мөнгөөр нь өөрсдөө хөлжиж байгаа нь гарцаагүй үнэн. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байхад МАХН дангаар ноёрхож байхад ч хэн нэгнийг бусдын нэр төрд халдсан хэргээр шийтгэж байгаагүй. Гэтэл ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан сайдтай ардчилал ноёрхож байхад Эрүүгийн хуулиар шийтгүүллээ. Бид нэр төрөө сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ. Л.Гансүх сайдын авлига авсан талаар заавал нотлох болно.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж