Д.Бат-Эрдэнэ: Хятадын нүүрсний зах зээлд маш хүчтэй өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ: Хятадын нүүрсний зах зээлд маш хүчтэй өрсөлдөж байна

Говийн догшин араншинд хэдийнээ дасч хат суусан хүн гэж  Саусгоби сэндс /SGS/  ХХК-ийн хайгуул заслын газар, олон нийтийн харилцаа эрхэлсэн ерөнхий менежер Д.Бат-Эрдэнийг хэлнэ. Тэрбээр уурхайн шанг татаж ч амжаагүй байх үеэс тус компанид ажилласан бөгөөд геологич хүний гүдэс шулуухан зангаар сурвалжлагч бидэнтэй илэн далангүй ярилцсан юм.

-Танай уурхай автозамаа хэзээнээс асфальтлах вэ. Нүүрс тээвэрлэх явцад аваар осол гарах нь бий. Осол аваарыг бууруулах тал дээр анхаарч байгаа юу?

-Манай компани гэрээндээ асфальтан зам тавихаар заасан. Энэ дагуу замынхаа 50 хувийг хийж гүйцэтгээд байна. Энэ оны наймдугаар сар гэхэд асфальтан замаа ашиглалтад өгчих болов уу гэж бодож байна. Нүүрс тээвэрлэх замд осол аваар мэр сэр гардаг. Машин онхолдсон болон хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч бий. Энэ нь замын нөхцөл, тоосжилттой холбоотой байхын дээр жолооч нарын ур чадвараас шалтгаалах нь бий. Тиймээс хоёр урсгалтай, 18 метрийн өргөнтэй асфальтан зам тавихаар осол аваарын тоо буурна гээж үзэж  байгаа.

– SGS ХХК-ийн зүгээс өөр аймаг сумын нутагт хайгуул, олборлолт явуулдаг уу?

-Манай компанийн бүх хайгуулын ажил Өмнөговь аймгийн нутагт явагдсан. Гурвантэс сумын Овоот толгойн ашиглалтын лицензээс гадна Номгон сумын нутагт Цагаан толгойн ашиглалтын лицензтэй. Цаана нь 18 орд газарт хайгуулын лиценз эзэмшдэг ч цаашид хайгуулын ажлаасаа илүү ашиглалтдаа анхаарлаа хандуулах болно.

-Уурхай дагаж ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн ахуй амьдралд нэмэр тус болж байгаа нь сайн хэрэг. Гэвч уурхайн дагуул хот тосгон барьж байгуулахад ихэнх компаниуд хойрго хандах болсон нь харамсалтай. Танай компанийн хувьд ч 20-30 жил олборлолт явуулна гэж байгаа ч ажиллагсдаа хээрийн ангид байрлуулсан байх юм. Хорин жилийн дараа Хөвийн хөндийд хот боссон байх болов уу?

-Социализмын үед уурхай дагасан хот тосгодыг олноор байгуулж байсан. Гэтэл уурхайг ашиглах хугацаа дуусангуут тухайн хотын иргэдийн ахуй хангамж, амьдрал хүндэрсэн гашуун түүх олон байна. Бугант, Бэрх зэрэг уурхайг түшиглэсэн хотууд хаягдаж үлдлээ шүү дээ. Тиймээс дэлхийн улс орнууд уурхай дагасан хот тосгон барихаас  татгалзаж эхэлсэн. Одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын бүхий л компаниуд ажиллагсдынхаа тав тухтай орчныг бүрдүүлээд хээрийн анги байгуулах замаар явж байна. Энержи ресурс, МАК  гээд бүгд л ийм байгаа. Харин ойролцоох сум, сууринг хөгжүүлэхэд дэм болох учиртай.

-Торонто болон Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилждаг цөөхөн компанийн нэг нь танайх. Хөрөнгийн зах дээл дээрх танай компанийн хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Анх манайх 2005 онд Торонтогийн бирж дээр хувьцаа гаргасан.  Тэр үед хувьцааны ханш хоёр ам.доллар байсан. Хамгийн дээд ханш 21 ам.долларт хүрсэн. Харамсалтай нь 2008 оны хямралаар хувьцааны ханш тодорхой хэмжээгээр унаж, одоо арав гаруй ам.долларын ханштай байна. Хонконгийн бирж дээр бол энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хувьцаагаа албан ёсоор арилжсан. Тэнд арилжаа хонконг доллараар явагддаг. Үнийн хувьд Торонтогийнхтой ижил төстэй байдаг.

-Боловсруулах үйлдвэр хэзээ барих вэ?

-Хятадууд саяхан хилийн цаад талд 11-13 сая тонн нүүрс боловсруулах чадалтай үйлдвэрийг бариад ашиглалтад оруулчихлаа. Хятадуудын хувьд аливаа асуудлыг маш хурдтай шийддэгээрээ онцлог. Гэтэл манай төрийн механизм маш удаан. Нэг асуудлыг шийдхийн тулд бүтэн жил хөөцөлдөх хэрэгтэй болдог. Бүртгүүлнэ, зөвшөөрөл авна гэсээр байтал маш их хугацаа алддаг. Гэтэл хятадын төрийн тогтолцоо маш энгийн. Боловсруулах үйлдвэрийн асуудлыг л гэхэд манайхаар бол сумын төвтэй адил статустай Эзний хошуу гэх жижигхэн суурингийнхан өөрсдөө шийдчих жишээтэй. Манайд бол өдий төдий агентлаг, яам тамгын газраар орсоор явтал цаг хугацаа, боломж бололцоог алдсаар байна.

-Танай уурхай болоод ойролцоох уул уурхайн компаниуд, Гурвантэс сумынхан эрчим хүчээ БНХАУ-аас импортлон авдаг юм байна. Импортын эрчим хүчний үнэ ханш ямар байдаг вэ. Хойшдоо энэ олон нүүрсний орд газрыг түшиглээд цахилгаан станц барьж байгуулбал ашигтай биш үү. Нүүрсээ түүхийгээр нь гаргаснаас эрчим хүч экспортолбол ядаж л нэмүү өртөг нь эх орондоо үлдэх юм биш үү?

-БНХАУ-аас дотоодынхоос нэг дахин өндөр үнээр  эрчим хүч экспортолж байгаа. Гэвч одоогийн нөхцөлд үүнээс сайн арга алга байна. Цахилгаан станц барьж байгуулах асуудлыг бид бас хөндөн тавьсан. Холбогдох яаманд бичгээ өгсөн. Гэтэл одоо болтол хариу алга байна. Хятадууд эрчим хүч импортлон авах, экспортлохын аль алиныг нь хүлээн зөвшөөрч байгаа.

-Урд хөрш маань нүүрсний нөөцөөрөө манайхаас дутахгүй ч түүнийгээ олборлож, газар нутгаа хөндөлгүйгээр Монголоос нүүрсээ авч байгаа нь алсыг харсан бодлого гэж хардах хүн цөөнгүй байна.

-БНХАУ бол ганц манай ч бус дэлхий нийтийн хувьд томоохон зах зээл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Дэлхий нийтээрээ хятадыг л харж байна шүү дээ. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөхийн тулд эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэхээс аргагүй. Хятадын хувьд эрчим хүчээ нүүрснээс гаргаж авдаг. Харин тус улс дотоодынхоо нүүрсний уурхайнуудыг хаахаас аргагүйд хүрсэн. Миний мэдэж байгаагаар 7000 гаруй уурхайг хаасан. Учир нь ихэнх орд нь маш гүнд орсон байсан. ӨМӨЗО нүүрсээр баялаг боловч асар гүнээс нүүрс олборлож байгаа. Тэд ойролцоогоор 300-400 метрийн гүнээс нүүрс олборлодог. Тиймээс хятадын нүүрсний зах зээлд маш хүчтэй өрсөлдөөн явагдаж  байна. Гадаадын улс орнуудын хувьд хятадад нүүрс экспортлох сонирхол асар их байна. ОХУ, Казакстан, Индонез,Вьетнам, Австрали зэрэг улс орон хятадад нүүрс экспортолж байгаа.

-Тэднээс өрсөхийн тулд юу хийх хэрэгтэй байна вэ?

-Аль болох олборлолтоо нэмэгдүүлээд нүүрсээ боловсруулах хэрэгтэй байна. Чанартай муутайг нь цахилгаан дулааны станц байгуулан эрчим хүч үйлдвэрлээд экспортод гаргах арга ч байж болно шүү дээ.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж