Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Хувьтай Хурц

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг. Энэ үгийн утга учрыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц харуулах шиг боллоо. Тэрбээр Англид нэг жил гаруй хо­ригдсоныг монголчууд битгий хэл дэлхий дахин мэднэ. “С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн сэжиглэгдэж байсан талийгаач Д.Энхбатыг хил дамнуулан нууцаар “хулгайлсан” хэмээн Английн цагдаа нар ба­ривчилсан. Харин 2000 оны эхээр Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Хурц хэний тушаалаар талийгаач Д.Энхбатыг хулгайлсан, бүхэл бүтэн хүнийг хилээр гаргаж байгааг хэн ч мэдсэнгүй юү гэх мэт асуулт хариулт нэхэж буй. Харин тагнуулын ажиллагааг удирдсан гол хүн нь Б.Хурц гэдгийг гадныханд хэн мэдээлэв гэдэг нь сонирхол татсан хэвээр. Хэн нэгэн Б.Хурцыг илчилснийх нь төлөөсөнд улстөрчид юу өгснийг хэлэхэд хэцүү. Ямартай ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц эсэн мэнд эх орондоо ирсэн. Үүнийг сонссон хүн бүр баярлаж байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Б.Хурц Улаанбаатарын унаган хүү бөгөөд Москва хотын Эдийн засаг, статистикийн мэдээллийн их сургууль, тус улсын Аюулгүй байдлын академийг төгссөн аж. Түүнийг “Ц.Элбэгдоржийн хүн” гэх нь бий. Энэ яриаг нотлох шиг Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дэд даргад Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын нэрийг УИХ-д санал болгож, УИХ-ын гишүүд дэмжлээ. Ингэснээр тэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц гэгдэх боллоо. Харийн нутагт хоригдон байж зовлонгийн гашууныг мэдэрсэн тэрбээр аргагүй л хувьтай хүн юм. “Хувьтай хүн хур борооноор” гэдэг шиг суллагдаад эх орондоо ирсэн тэр өдөр бороо орж байсан шүү дээ.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж