Сүхбаатар дүүргийн эмнэлэг ачааллаа даахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн эмнэлэг ачааллаа даахаа больжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг буюу хуучнаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн өвчтөний тоо хэтэрч, хонгилд нь хүүхдүүд шалаар хэвтэхдээ дөхөж байна. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний амтай золгоод хэдхэн хонож байна. Гэтэл нийслэлийн эмнэлгүүд өвчтөнийхөө хөлд дарагдаж,  эмчилж дийлэхээ больсон бололтой. Үүний хамгийн тод жишээ нь хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчилдэг дээрх эмнэлэг юм. Өвдсөн хүүхдүүдийг тус эмнэлэгт дутуу эмчлэн гаргаж байгаагаас болж, удалгүй сэхээнд ордог. Мөн эмнэлгийн хонгилд хүүхдүүдийг эмчилдэг, зарим өрөө нь өндөр төлбөртэй  гэх зэрэг нэлээд асуудал үүсээд байгаа сургаар тус эмнэлгийг зорьсон юм. Зуун айлын автобусны буудлын ар талд байрлах дөрвөн давхар саарал байшин болох хуучнаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт 11:00 цагийн үед очив. Эмнэлгийн үйлчлэгчид урд шөнө орсон цасыг цэвэрлэж, явган хүний зам гаргаж байлаа. Эргэлтийн үүдээр хүмүүс шахцалдах шахам байх юм. Үүнийг харсан хэн хүнд эмнэлэг их л ачаалалтай байгаа нь илт.  Үүдээр ортол дотор нь суухын аргагүй, хүмүүс пиг дүүрчээ.  Бас хүүхдүүдээ тэвэрсэн, хэвтэх дараалал, сул ор асуусан хүмүүс жижүүрийг нэлээд ачаалалд оруулж харагдана. Хоёроос гурван сувилагч угтах жижүүрт ээлжлэн зогсох аж. Тэд заримдаа ихэд уцаарлангуй хариулт өгөх юм. Эмнэлэгт маш их ачаалалттай байгаа болохоор эргэлтээр ирсэн хүмүүсийг бүгдийг нь оруулалгүй үүдэнд орох дараалал иртэл хүлээлгэж буй нь энэ гэнэ. Гэхдээ бүх тасаг өвчтөнөөр дүүрээгүй, ганцхан гурван давхрын Нярайн тасаг ачааллаа дийлэхээ больжээ. Эмч нар нь ачаалал гайгүй байгаа гэсэн боловч хүүхдүүдээ сахиж буй ээж, аавууд эсрэгээр ярьж байлаа.

“ЗАЛГУУРТАЙ УЧРААС ТӨЛБӨРТЭЙ БАЙГАА ЮМ” ГЭВ


Энд ирж эмчлүүлээд долоо хонож буй гурван сартай хүүгийн ээжээс хэдэн зүйл тодруулав. Тэрбээр “Бид энд хөөгдөх шахам арай гэж эмчлүүлж байгаа болохоор нэр, зураг битгий тавиарай” хэмээх хүсэлт тавьсан юм.

-Танай хүүгийн юу нь өвдөөд ирж эмчлүүлж байгаа юм бэ?

-Ханиад нь хүндрээд энд ирсэн. Одоо бараг долоо хонож байна. Нэг их сайн болохгүй л байгаа. “Маргааш (өнөөдөр) гар” гэсэн. Уг нь эмчилгээ нь гайгүй л юм шиг. Тэгсэн хэдий ч ямар ч хүүхэд сайн эдгэрэхгүй байгаа.

-Тасгуудад хэр олон хүүхэд байна?

-Маш их ачаалалтай байгаа. Бүр өрөөнүүдийн гадна хана дагуулаад хонгилд ор тавьчихсан. Одоохондоо өвчтөн нэмж авахгүй байгаа юм шиг байна лээ.

-Өрөөнүүд нь төлбөртэй гэсэн. Нэг өрөөнд хэдэн хүүхэд хэвтэж байна вэ?

-Төлбөртэй өрөөнүүд нь 10 мянга, 5000 гэсэн хоёр янзын үнэтэй юм билээ. Арван мянган төгрөгийн өрөөнд нь хоёроос гурван хүүхэд хэвтдэг. Харин таван мянгынхад нь дөрвөн хүүхэд хэвтэх боломжтой. Төлбөргүй өрөөнд нь зургаан хүүхэд байдаг. Тэгээд ч төлбөртэй өрөөнүүд нь жирийн өрөөнөөсөө нэг их ялгагдахаар юм байхгүй. Хамгийн гол нь тогны залгууртай учраас тийм үнэтэй байгаа юм. Арван мянган төгрөгийн төлбөртэй өрөөнд зурагт, заримд нь хөргөгч байдаг. Бусад төлбөргүй өрөөнд цахилгааны залгуур байдаггүй.

-Танай хүүхдийг анх энд ирэхэд хаана хэвтүүлсэн бэ?

-Манай хүү эхлээд хоёр хоног гурван давхрын хонгилд ор тавин эмчлүүлж байгаад жирийн тасаг руу шилжсэн. Гурван сартай хүүгийн ээж ийнхүү хэлсэн. Тэрбээр нэлээд зүйл ярих гэсэн боловч жижүүр сувилагч нар түүнээс нүдээ салгахгүй байсан болохоор их юм ярихаас татгалзсан юм.

Тус эмнэлэг ачаалалттай байгаа дээрээ ямар ч агааржуулагч байхгүй болохоор ханиадтай хүүхдүүдийн хамар битүүрч, агааргүйтдэг гэнэ. “Үүнээс болж эмчилгээ сайн авдаггүй байж магадгүй” хэмээн зарим эцэг эхчүүд ярьж байлаа. Энэ нь ч ортой байж болох аж. Сувилагчдын хэлснээр “Салхивч онгойлгохоор утаа, хүйтэн салхи орж ирээд ханиад нь хүндэрсэн хүүхдүүдэд бүр их харшилдаг. Бас дотор хүн ихтэй байгаа болохоор эмчилгээнд муугаар нөлөөлж байгаа” гэсэн юм. Агааржуулагч, ногоон хүлэмж байрлуулах гээд өвчтөн аль болох хурдан эдгэрэх орчныг тухайн эмнэлэг өөрөө хариуцах ёстой. Гэтэл тэр агааржуулагчийг нь мөнгөөр авдаг болохоор төсөв гэж нэг зүйл хэрэгтэй болж таарна даа. “Үүнийх нь цаана нийслэл хэмээх өрхийн тэргүүн нь хэдэн төгрөг өгөхийг шийддэг учраас хамаагүй эд хөрөнгө авч болдоггүй” хэмээн эмч нар хэлсэн. Бид хүүгээ сахиж байсан бас нэгэн ээжтэй уулзсан юм. Тэрбээр “Хүү маань гурван сартай. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн чинь “Хатгаатай” гэсэн. Гэтэл эндэхийн эмч нар “Цээжний хиржигнүүр, цэртэй байна” гэсэн. Эндээс хэдэн хоногийн өмнө эмчлүүлж байгаад гараад дахиж буцаж орж ирсэн нь энэ. Бүр сэхээнд ирсэн. Уг нь эм тариагаа гайгүй хийх нь хийж байгаа. Гэвч дутуу хийгээд гартлаа хоёр, гурван тасаг дамжиж явсаар байж сайн эдгэрээгүй байхад гаргаж байгаа нь тиймэрхүү байна” гэлээ. Мөн эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрээс гомдол нэлээд хэлж байсан. Тухайлбал “Хүүхэд их өвдөх, ханиалгахад жижүүр эмч нарыг дуудахаар гайгүй байна шүү дээ гээд явчихдаг” хэмээн ярьж байлаа. Энэ эмнэлэг Улаанбаатар хотын есөн дүүргийн бусад эмнэлгээс хүүхдийн өвчнийг харьцангуй сайн эмчилдэг гэх юм билээ. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүд эмнэлэгтээ хүүхдийн эмчилгээний тасагтай. Харин Баянгол дүүргийн иргэд Эх, нялхасын эрдэм шинжилгээний төвд эмчлүүлдэг учир хэл ам бага гаргадаг аж. Хуучнаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг буюу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хоёр дүүргийн иргэдийг эмчилдэг болоод ч тэр үү “Бусад үед нэлээд ачаалалттай байдаг” хэмээн эмч нар нь хэлсэн. Тус эмнэлэг 12-13 их эмчтэй. Тэд мэргэжлээ ихэвчлэн Монголдоо дээшлүүлсэн аж. Бид эмнэлгийн үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн менежер Л.Баярцэцэгээс тодруулахад “Хүйтэрч байгаатай холбоотойгоор амьсгалын замын халдварт өвчин нэн ихэссэн. Одоо ачаалал урьд, урьдахаасаа харьцангуй их байгаа” хэмээсэн. Мөн төлбөртэй өрөөнүүдийн талаар лавлах гэсэн боловч уг асуудлыг мэддэг гэх Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Буянжаргал “Эрүүл мэндийн яаманд хуралтай” хэмээн эзгүй байсан юм. 

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж