Байгальтай нөхөрлөсөн Овоот толгойн уурхай

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Байгальтай нөхөрлөсөн Овоот толгойн уурхай

Изинис авиакомпанийн SAAB 340R агаарын хөлгөөр Овоотын аэродромд газардсан мөчөөс л анзаарагдсан хамгийн сонин содон зүйл бол сахилга дэг журам байлаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт  Нарийн Сухайтын сав газар гэх нүүрсээр баялаг нэгэн хөндий байх. Тэрхүү хөндий газрын гүндээ арвин баялаг нүүрсний ордтой гэдгийг тогтоосноос хойш хайгуул хийж, олборлолт явуулж эхэлсэн анхны компани нь Чинхуа МАК хэмээх Монгол Хятадын хамтарсан компани юм. Удаах нь Монголын зуун хувийн хөрөнгө оруулалттай МАК юм. Харин гурав дахь нь бидний зорин очсон Саусгоби сэндс ХХК. Өмнийн говийн элс хэмээн орчуулагдах эл компанийн Овоот толгойн уурхайн  түүх богино боловч онцлог.  Уул уурхайн компаниуд нүүрс тээвэрлэснээс болж Өмнийн говь тоостын хөндий боллоо гэхээс өөр мэдээлэлгүй байдаг нь нууц биш. Гэвч сүүлийн үед тус газрыг зорин машин, онгоц, нисдэг тэрэг хөлслөн очигсдын тоо жилээр бус сар, өдрөөр өсч байна. Өмнийн говьд хайгуул, олборлолт эрхэлж байгаа уул уурхайн компаниудын ажил үйлс,ажиллагсдын ахуй хангамж, сэтгэл санаа ямар байгааг сурвалжлахаар зорьсон сэтгүүлчдийн багийнхан томилолтоос ирлээ.

Уурхайн журам УИХ-ын гишүүнд ч хамаатай
Изинис авиакомпанийн SAAB 340R агаарын хөлгөөр Овоотын аэродромд газардсан мөчөөс л анзаарагдсан хамгийн сонин содон зүйл бол сахилга дэг журам байлаа. Саусгоби сэндс ХХК-ийн хатуу мөрддөг “Уурхайн ангийн журам”-д сануулсанчлан тус уурхайнхан архи гээч ундааг нэг нүдээрээ ч үздэггүй юм билээ. Аэродромд биднийг угтсан хурц ширүүн харцтай хамгаалалтын албаны залуучууд нь тусгай багажаар сархад хүртсэн эсэхийг шалгана. Энэ нь зөвхөн уурхайн ажилчдад төдийгүй ирсэн зочдод ч хамаатай. Компанийн журам бүү хэл улсын хуулийг ч бол үл ойшоодог УИХ-ын түшээдийн нэг энэхүү багажны  балгаар “эрүүлжүүлэх”-д өнжсөн тохиолдол  бий гэнэ. Учир нь уг хатуулаг хэмжигч багаж “00” заагаагүй тохиолдолд уурхайн сайт руу нэвтрэх эрх хэнд ч үгүй. Саусгоби сэндсээр зочилсон зарим эрх мэдэлтнүүд сэтгэл дундуурхан буцдаг тухай уурхайнхан шоглонгуй өгүүлсэн. Ажил шалгах нэрээр архиар дайлуулдаг монгол зуршлыг халж чадсан анхны газар нь магад эднийх ч байж мэднэ. Түүнчлэн уурхайн замын хөдөлгөөний дүрэм нэн чанд. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орохын өмнө заавал дуут дохио өгнө. Урагш хөдлөх бол хоёр удаа, харин ухрахдаа гурван удаа сигналддаг байх жишээтэй. Хээр явахдаа ч энэ зуршлаа үл зөрчинө. Хотод ирсэн хойноо ч дуут дохиогоо марталгүй хөдөлгөөнд оролцох нь бий гэнэ. Говийн айлууд үүдээ түгждэггүй гэдэг үнэн юм билээ. Овоот толгойн уурхайн ангийнханд хаалганы цоож түлхүүр байхгүй. Үйлчилгээний ажилтнууд өглөөнөөс орой хүртэл хэдэнтээ цэвэрлэгээ хийхийн дээр хувцсыг нь хүртэл угааж цэвэрлэхэд хаалганы түгжээ саад болох төдийгүй урт гартнууд хүн энд ажилладаггүйн баталгаа ч гэж болно. Уурхайн ангид нэвтэрсэн хэн боловч аюул осол гарахаас сэргийлж жижиг зүйлийг ч болов мэдэгдэж байхыг шаардана. Унтраагуур тасалдах, хачиг хувалз үзэгдэх төдийд ч мэдээлж байх ёстой гэдгийг дуулаад эхэндээ ч инээд хүрч л байлаа. Сард энэ мэт мэдүүлэг 600 орчмыг бүртгэдэг ажээ. Ингэж  сахилга дэг журмыг чанд сахиснаар анхны тусламж дуудах 30 тохиолдол, эмнэлгийн тусламж авах 10 тохиолдлыг “хэмнэж”, таван хүн тахир дутуу болох, нэг хүн нас барахаас сэргийлж чаддаг гэж аюулгүй ажиллагааны хэлтсийн сургагч багш тайлбарлана лээ.

Хачигнаас үүдсэн хачирхалтай явдал
Овоот толгойн уурхайд нүүрс олборлож буй Саусгоби сэндс компанийг SGS гэж товчлон нэрлэе. Энэхүү компанид зочилсон эхний өдөр нутгийн иргэдэд зориулсан сургалт, семинартай давхцсан юм. Уг уурхайн ойр орчимд нутагладаг хорь гаруй өрхийнхөн  уг сургалтад хамрагдаж байлаа. Байгальд  ээлтэй уул уурхайн компани байна гэвэл сонин сонсогдох нь мэдээж. Уулыг нурааж усыг эргүүлэн байж ашиг олж буй хүмүүс яахаараа байгальд ээлтэй болдог билээ гэж гайхаж болох ч хөрсөн доорх эрдэнийг нь авахын сацуу нутгийн ан амьтад, ургамал моддыг нь устгаад алга болгочихгүйн төлөө хичээн ажиллаж буй нэгэн компани бол  SGS  юм. Тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгийн  Нарийн Сухайтын сав газрын Хөвийн хөндийгөөс нүүрс олборлож эхлээд хоёр жил болж байна. Анх үйл ажиллагаа эхлэхээсээ л байгаль орчны өөрчлөлтөд мониторинг хийх болсонд нутгийнхан ам сайтай байлаа. Мониторингийг нэг хоёр удаагийн тохиолдлоор хэмжээд зогсох бус нутгийнхны байнгын хяналт доор явуулах нь илүү өгөөжтэй байдаг ажээ. Ховор, нэн ховор амьтдыг хамгаалахын дээр эл нутагт суурьшсан ан амьтан, араатан жигүүртнийг тогтоон үлдээхийн тулд SGS-ийнхэн их зүйл хийж байна. 2005 онд хайгуул хийж байх үед Хөвийн хөндийд 78 зүйлийн сээр нуруутан, таван зүйл могой, 16 зүйл хөхтөн, 36 зүйл шувуу, хоёр зүйл гүрвэл бүртгэгджээ. Гэвч 2007 оны үед хар сүүлт болон бусад ан амьтад ихээхэн цөөрч бараг үзэгдэхээ болилоо гэж нутгийнхан гомдоллосон байна. Тиймээс уурхайн зүгээс шүүрлийн усаа гадагшлуулан цөөрөм байгуулжээ. Цөөрөм бий болсноос хойш араатан жигүүртнүүд олноор үзэгдэх болсон бөгөөд биднийг цөөрөм дээр очих үед 21 цэн тогоруу, сүрэг нугас цөөрмийн усанд шумбан умбан угтсан юм. Хүн зонтой нөхөрлөөд байдаггүй хээрийн амьтан хар сүүлт зээр эксковаторын чимээ намдах үеэр уурхайн  хавиар эргэлдэн жолооч нарын гараас амттан авдаг болсны дээр  зальт шар  хүртэл замын хажуугаар хэнэг ч үгүй шогшиж харагдсан.
Нарийн Сухайтын сав газарт анх буухдаа л элс үгүйлсэн гэж болно. Үнэндээ говь гэхээсээ илүү хангай төрхтэй энэ нутагт элдэв төрлийн ургамал элбэг. Баян бүрд гэлтэй үзэсгэлэнт байгаль үе үехэн тааралдах нь сонихон. Алтайн уулсын төгсгөл хэсэг болох энэ нутгийн унаган байгалийг алдагдуулахгүйн тулд SGS-ийн байгаль орчны хэлтсээс их зүйл санаачилжээ. Санаачилсан ажлаа Д.Оюунцэцэг менежерийн удирдлагаар хийж гүйцэтгэдэг. Хөвийн хөндий орчмын 12 булаг шандын эхийг хамгаалж, хашаа хатган нутгийн иргэдэд хариуцуулан өгчээ. Иргэд хариуцаж авсан булгийнхаа усны төвшинг хэмжиж сар, өдрөөр нь тэмдэглэл хөтлөхийн сацуу уурхайгаас үе үехэн очиж усны чанар, найрлагыг нь шалгана.
Түүнчлэн ус булаг тойрон амьдардаг амьтан, ургамал, шавж хорхойг нь хүртэл нарийвчлан тогтоожээ. Өнгөрсөн онд тус компанийн урилгаар ажиллахдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн шавж судлалын лабораторийн эрхлэгч Ч.Гантигмаа нэгэн ховор шавжийг илрүүлжээ. 1914 онд  манай улсад тэмдэглэгдсэн ч биет байдлаар нь илрүүлж байгаагүй гэнэ.  Дэлхий нийтийн хэмжээнд “Монгол хоовгон”  хэмээн тэмдэглэсэн энэхүү шавж нь хоол иддэггүй, зөвхөн ус л уудаг бөгөөд энэ шавж амьдарч буй усны чанарт огтхон ч эргэлзэх хэрэггүй гэдгийг шавж судлаач доктор бүсгүй онцолж байсан.
Нутгийн иргэдийг цуглуулан сургалт явуулсан тэр өдрийн үдэш уурхайн анги дээр нэгэн сонин явдал тохиолдсон юм. Сургалт явуулсан их гэрийн ширээн дээрээс хэн  нэгэн нь  хачиг олжээ. Түүнийг мэдээлэх хуудсанд тэмдэглээд устгаж орхиж. Үүнээс болж  SGS даяар нэг асуудал болов доо. Учир нь хачиг бол амьтан л учир байгаль орчныхонд хамааралтай гэнэ. Тэд “хачиг”-аа маллаагүй хэрэгт унан зэм хүртсэн гэдгийг сонсоод малын хотонд хачигтай “нөхөрлөх”шахам өссөн миний хөх инээд хүрч байлаа. Гэтэл Ч.Гантигмаа доктор хачигны хойноос хачин их харуусав. Учир нь түүнд Японоос хачиг судлаач эрдэмтэн монгол хачиг явуулахыг захьсан байжээ. Энэ мэт олон асуудалд монголчууд болон гадаадын хөрөнгө оруулагчид “санал зөрөлддөг” гэнэ. Ноднин жил тус уурхайн бүсэд могой маш олноор үзэгджээ. Нэг хоёр өдрийн дотор могой харлаа гэсэн мэдэгдэх хуудсанд дарагдахад монголчууд нь “Манай уурхайн орчимд могойн чуулган болох нь ээ. Бид баяжих нь” хэмээн билэгшээж байхад гадаад захирлууд нь хүмүүс айлгаад байгаа могойнуудаа устга гэсэн даалгавар өгч байжээ. Энэ мэтчилэн байгаль орчны хэлтсийнхэнд хамаарахгүй зүйл гэж үгүй. Хогоо хэрхэх вэ гэдгээс эхлээд асуудал тун их. Харин сүүлийн үед нутгийн иргэдийн оролцооо дэмжлэг нэмэгдсэний дээр хогийг ч болов ашигладаг болсон байна.

Монголдоо төдийгүй Азид ганц…
Канад улсын хөрөнгө оруулалттай SGS компанид өдгөө 330 орчим хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд. Тэдний 120 гаруй нь Гурвантэс сумын уугуул иргэд ажээ. Зэргэлдээхэн нь нүүрс олборлож буй Чинхуа МАК, МАК зэрэг компаниуд нь нутгийн иргэдийг архи дарс хэрэглэдэг, ажлын хариуцлага сул гэх зэргээр гоочлон ажилд авдаггүй бол “Саусгоби сэндс”-ийн хувьд нутгийн иргэдэд илүү түшиглэн ажилладаг гэж говийнхон ам сайтай байсан юм. Гурвантэсийнхнээс тус компанийг үүдээ нээж байх үеэс ажилласан нь байхад долоо хоногийн өмнө ажилд орсон нь ч байлаа. Саусгоби сэндсийн бас нэгэн онцлог нь шинэ техник технологийг нэвтрүүлдэгт байдаг.  Монголдоо төдийгүй Азидаа анх удаагаа “Liebherr-996” экскаваторыг  Овоот толгойн уурхайд ажиллуулж эхэлжээ. Юрийн галавын үеийн аварга динозавр эргээд ирээ юү гэлтэй харагдах уг аварга том эксковатор одоогийн байдлаар Азид цор ганц байгаа гээд бодохоор тэд бүү хэл бид бахадмаар.  “Liebherr-996” Өмнөд Африкт цор ганц, Өмнөд Америкт дөрөв байдаг аж. Харин Индонезид 15, Австралид 50 ширхэг ажиллаж байна. Энэхүү аварга  техникийн операторууд нь цөм монгол залуус. Монголчууд баялгаа олборлож чаддаг, түүнийхээ үр шимийг хүртэж чаддаг гэдгийг бидний үеийнхэн харуулах учиртай гэж Овоот толгойн залуус бардам өгүүлсэн. Баялгаа барж дуусах нь хэмээн жагсаал цуглаан хийн, өлсгөлөн хүртэл зарлаж байгаа хүмүүст  тэд “Бид ч гэсэн элбэг хангалуун амьдарч үзмээр байна. Яагаад заавал үр хойчдоо үлдээх нэрээр ядуу хоосон хэвээр байх ёстой юм бэ. Бусдын алдааг давталгүйгээр хөгжилд хүрье л дээ, хамтдаа” гэсэн үгийг дайсан юм. Мөн тус уурхайн хөрс хуулах ажиллагаанд  240 тоннын даацтай “Terex” машиныг ашиглаж эхэлсэн нь орчин үеийн шинэ техник хэдийнэ монголд нэвтэрснийг илтгэж байлаа.

Олборлолтыг найман саяд хүргэнэ
Саусгоби сэндс компани Наран ургах, Наран жаргах гэсэн хоёр уурхайтай. Одоогоор Наран ургах уурхай ашиглалтад орж хараахан амжаагүй учир бид  Наран жаргах уурхай руу очсон юм. Биднийг Наран жаргах уурхайд зочлох үед говийн наран жаргаж байлаа.  Эл уурхайгаас өнгөрсөн онд 1,3 сая тонн нүүрс олборлон БНХАУ-д экспортолжээ. Хойшид олборлолтоо найман сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгаа тус хамт олон 24 цагийн турш хоёр ээлжээр ажилладаг. Одоогийн байдлаар тус уурхайн карьерийн гүн 42 метрт хүрээд байгаа ажээ. Цаашид 250 метрийн гүн хүртэл ил уурхайн уламжлалт аргаар олборлох боломжтой бөгөөд түүнээс хойш далд уурхайн аргад шилжин олборлох  гэнэ. Ил олборлосон уурхайгаас онгойж харласан нүх л үлддэг. Карьерийг буцааж булна гэж байхгүй ч эргүүлээд ашигладаг олон улсын туршлага  бий гэнэ. Малайзад л гэхэд уурхайн карьераа усан спортын төв олгон ашиглаж эхэлжээ. Энэ мэт туршлагыг нэвтрүүлэн аялал жуулчлал хөгжүүлэх сайхан ирээдүй байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч өнөөдөр их говьд их ажил өрнөж эхэлжээ.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж