Худалдааны салбарынхан хуулийн төслөөр бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Худалдааны салбарынхан хуулийн төслөөр бэлэг барив

Худалдааны салбар үүсэж хөгж­сөний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг угтаж худалдааны салбарын 1000 гаруй төлөөлөл өчигдөр Төрийн ордонд чууллаа. Худалдаа эрхлэгчдийн дө­рөв­дүгээр зөвлөлгөөнийг Ерөнхий сайд нээж үг хэлснийхээ дараа ху­далдааны салбарын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхсон юм. Зөвлөлгөөний үеэр тус үйл ажиллагаа явуулдаг тө­рийн болон хувийн хэвшлийнхэн тулгамдсан асуудлаа хэлэлцэж хийж буй ажлуудаа танилцууллаа.

Ч.Энх-Амгалан: ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН  


Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлд­вэрлэл, худалдаа үйлчилгээний газ­рын дарга Ч.Энх-Амгалантай ярилц­сан юм.


-Худалдаа эрхлэгчдийн дөрөв­дүгээр зөвлөлгөөнөөс та бүхэн ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Энэхүү зөвлөлгөөн нь өмнө­хөөсөө 30 жилийн дараа болж бай­гаа­гаараа  онцлог юм. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлээс 1000 гаруй тө­­лөөлөгчид урилгаар  оролцож худалдааны салбарын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, салбарын бодлого, цаашдын зо­рил­тын талаар хэлэлцэж байна. Бид төлөөлөгчдийн гаргасан саналуудаар зөвлөмж гаргахаар төлөвлөсөн. Худалдааны салбар дэлхийн улс орнуудын эдийн засагт хамгийн чу­хал байр суурийг эзэлдэг. Бүх л сал­барт худалдаа хийж, худалдаагаар ашиг орлого олж, эдийн засгаа тэт­гэж байна шүү дээ. Манай улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд худалдааны салбар харьцангуй чө­­лөө­тэй боллоо. Худалдааны сал­барыг хувийн хэвшлийнхэн авч явж байна. Тэднийхээ үгийг төр засаг, олон нийтийн түвшинд хүргэж буй нэг арга нь энэ зөвлөлгөөн юм.

-Худалдааны салбарт нэн тү­рүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Худалдааны салбарыг эрх зүйн хүрээнд 50 гаруй хуулиар хэсэгчлэн зо­хицуулж байна. Даяаршлын өнөө үед олон улсын тогтсон хэм хэм­­жээний хүрээнд гадаад ор­нууд­тай худалдаа хийх, үндэсний эдийн засаг, до­тоо­­дын зах зээ­лээ хам­гаалах, үйлд­вэрлэлийг дэм­­жих, до­тоод худал­дааг цэгцтэй хөгжүүлэх, эрх зүйн таатай орч­ныг бүрдүүлэх шаардлага тул­гарч байна. Тий­мээс Засгийн газар мөрийн хө­төлбөртөө гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, дэм­жин хөгжүүлэх зорилгоор Худал­дааны тухай хуу­лийн төслийг бо­ловс­руулна гэж заасан байсан.

-Хуулийн тө­сөл боловсруулах ажилд салба­рынхны санал, санаа­чилгыг бүрэн тусгаж чадсан болов уу?

-Сүүлийн нэг жил гаруйн ху­га­­цаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөн­­гөн үйлдвэрийн яам, Гадаад ха­­рил­цааны  яам болон төрийн бус бай­гуул­лагуудтай хамтарч хэд хэдэн удаа зөвлөлдөх уулзалт хийсний үндсэн дээр Худалдааны тухай хуулийн төс­лийг боловсруулж, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хурал­даа­наар хэлэлцүүлсэн. УИХ-аар удахгүй хэлэлцэх байх. Түүнчлэн Төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлого болон Экспортыг дэм­жих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төс­лүүдийг тус, тус боловсруулсан бөгөөд бат­луулж хэрэгжүүлэх, ху­дал­дааны салбарыг бодлогын шинэ түв­шинд гаргах зорилт тавин ажил­лаж байна.

90 ЖИЛИЙН ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Худалдааны сал­ба­рын суурь 1921-1935 онд бий болсон гэж үздэг аж. Үүний дараа 1935-1959 он хор­шоол­лын худалдааны хөгжлийн үе, 1960-1990 он социалист ху­дал­дааны үе, 1990-1997 он зах зээ­лийн   шилжилтийн үеийн худал­даа­ны үе, 1998 оноос хойш олон талт чөлөөт худалдааны үеийг туул­саар өнөөдрийг хүрсэн аж. Ар­дын хувьсгал ялсан 1921 онд Мон­гол ардын харилцан туслалцах хор­шоо­ны хэлтсийг Сангийн хамаг хэр­гийн яамны дэргэд байгуулснаар Монгол Улсад орчин цагийн худал­дааны салбар үүсчээ.Төрийн ордны их танхимын үүдэнд эдгээр үе ша­туудыг харуулсан гэрэл зургийн үзэс­гэлэнг нээсэн байлаа.

Хар шаахайтай данжаадаас эх­лээд цэнхэр халаадтай худалдагч, явуу­лын дэлгүүрээр бараа түгээж буй худалдаачдын зураг төдийгөөс өдий хүртэл ямар их саад, бэрхшээлийг туулж ирснийг нь бэлхнээ илтгэх мэт. Тус салбарынхны түүхийг өгүүлэх гэрэл зургийн өмнө саатах хүмүүс хуучнаа дурсан хийж бүтээснээрээ бахархаж байсан юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж