Тавантолгойг монголчууд авч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Тавантолгойг монголчууд авч чадах уу?

Тавантолгойн их ажилд Монголын
компаниудаа оролцуулах боломж олгоогүй гэсэн том ялд унаад байгаа
Ерөнхий сайдыг аврах нэг нэгдэл гаргаж ирэв. Монгол компаниудаа оролцох
боломжийг хангана гэж шилээ шөргөөхөөс өөрийг хэлж чадахгүй байсан
Ерөнхий сайд өөрөө энэ хөдөлгөөнийн ихэд хөхиүлэн дэмжиж байгаа гэсэн
мэдээлэл байна. Энэ бол өчигдөр байгуулагдсанаа албан ёсоор зарлаж,
Тавантолгойн олборлолтыг гардан хийхийн төлөө зүтгэх болно гэж зоригтой
чангаар зарласан “Монгол 999+” хэмээх монгол компаниудын нэгдэл.
Монголчууд нэгдэж Тавантолгой руу “дайрна” гэхээр юуны түрүүн ямар
томчууд нэгдэв, хэн хэн байна вэ гэж бид сонирхоно. Гэтэл энэ
нэгдлийнхний дунд том компани, олны танил эрхмүүд тийм ч тод харагдахгүй
байна. Ердөө Монгол компани болгонд нээлттэй гэсэн уриалгатай нэгдэлд
одоогийн байдлаар 700 компани нэгдээд байгаа. Монголд “амьтай”, “амьгүй”
102 мянган компани бүртгэлтэй байдаг гэдэг ч энэ удаагийн нэгдэл яалт ч
үгүй гайхалтай санагдана. 700 толгойтой “мангас”-ыг хэн нэгтгэн
зангидаж чадах вэ гэдгээсээ эхлээд. Тэгвэл энэ нэгдлийнхэн хамтрагчид
олон байх тусмаа нээлттэй, ил тод, эрх тэгш байна гэж үзэж байгаа юм.
Энд консорциум гэсэн тогтсон хэллэгийг хэрэглээгүй байгааг анхаарна уу.
Тийм учраас нэгдэлд орохыг хүссэн компаниуд эхний удаад илүү ч үгүй,
дутуу ч үгүй нэг сая төгрөг дүрмийн санд нийлүүлэх ёстой. Гаргалгаа нь
их мөнгө гаргасан том компани томорхоод байхгүй гэсэн үг. Дээрх нэгдлийн
нэрэн дэх +тэмдэг нь цаашид хамтрагчид нэмэгдээсэй гэсний илэрхийлэл
аж. Олны олон таван цэн гэдэгчлэн тэд нэгдэж ажиллаж чадвал Тавантолгойн
буянг жинхнээсээ олон монгол хүртэж чадна гэж үзжээ. Эхний ээлжинд
цугларсан мөнгөөрөө гадаадын Хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгоно.
Ингээд цаашилбал, жинхэнэ шилэн цонхны тунгалаг бөгөөд ил тод, тэгш үйл
ажиллагаа явуулна гэж байгаа юм. Шинэлэг санаа. Дээр нь Засгийн газар
“бантахдаа” дотоодын компаниудаа дэмжинэ амлаад байгаа болохоор тэд
гадаадын Хөрөнгийн биржээс хөрөнгө босгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
 
Энд бас эрсдэл бий. Компанийн засаглал дорой, хариуцлагын тогтолцоо сул
манайх шиг оронд баахан компаниудын мөнгийг цуглуулчихаад бүтэлгүйтвэл
яах билээ. Үгүйдээ л санаа нь сайхан хэдий ч түүнийг хийж гүйцэтгэх,
менежмент, ноу хау ямар байх бол? Үр ашиг муутай төсөл болох юм биш биз.
Бүр хамгийн том айдас нь тэд хүсээд байгаа Тавантолгойн сонгон
шалгаруулалтдаа орж чадахгүй бол яах вэ? Хамгийн сүүлийн асуултын хариу
удахгүй тодорхой болох биз.
Улс төрийн талцсан хэрүүл бизнесийнхэнд ч халдварлан “Танайх цагаан гэр
баривал би очоод шатаана” гэдэг шиг зан чимэг болоод байгаа гэдгийг
хэлүүлэх юун. Тэгээд ч манай толгой томчууд улс төр бизнесийнхэн ашиг
сонирхол, түрүүвч данс төдийгүй ураг садны хэлхээгээр нэвт сүлбэлдсэн
байдаг. Тэдний “хор” хэр байх бол? Ер нь л том компаниуд нэгнийхээ
удирдлагад орохгүй гэж амбицлах, хэн нэг нь илүү нөхцөл байдал эзэмших
гэх, эсвэл зүгээр л ингэж хардаг гээд “том” авир хангалттай бий,
манайханд. Тэр ч нүдээр бид томчууд нь хаачив, томчууд нь хөшигний ард
зодолдож байна уу, “хашир”-ууд гэгээн хүсэл тэмүүллээр нэгдсэн хэдэн
нөхдийг баахан хөөрөгдөөд ард нь үлдэж байна уу гэх үй олон яриа
болгоомжлол байна. Ямартаа ч нэгдэж хамтран баялгийг бүтээе, эх орныхоо
хишгээс амаа ангайгаад хишиг хүлээнэ гэж хүлээх бус, бас гадныхан хүчтэй
мундаг болохоор бүхнийг хийчихнэ гэж алмайж харж суух биш өөрсдөө
хүчийг үзье гэж санаа зориг нэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг. Элдэв
“сүүдэр” үгүй нүдээр харвал шүү дээ.       
Монголд өнөөдөр хувьсгал хэрэгтэй байна гэж улстөрчид ярьж асан бол
харин бизнесийн ертөнцөд тэд хувьсгал хийж байгаа хэрэг биш
үү.                                                             
“Монгол компаниуд хамтран Тавантолгойд оролцож боломжтой гэж та бодож
байна уу”гэсэн асуултад  зарим хүнээс хариу авлаа.

А.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж